"Guys" хамтлаг ирэх зургаадугаар сард бүрэн хэмжээний томоохон тоглолтоо хийх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр "Guys" хамтлагийн гишүүн Д.Лхагва "Guys хамтлаг бүрэн хэмжээний тоглолтоо хийх талаар маш олон үзэгч, сонсогчид асууж байгаа тул бид энэ зун томоохон хэмжээний тоглолтоо хийнэ. Мөн бид "Эр хүн" гэх шинэ дуу зохиосон. Энэ дууны аяыг манай хамтлагийн гишүүн А.Төсгбаяр зохиож, үгийг миний бие бичсэн. Манай дууны клипыг богино хэмжэнний коино шиг байдаг гэж хүмүүс их ярьдаг. Иймд бид нарийн утга санаа агуулсан клип хийхийг зорьж, "Эр хүн" дууны клипны санаа олох уралдааныг иргэдийн дунд зарлаж байна. "Эр хүн" дуугаа үгтэй нь хамт facebook хуудаснаа тавьсан. Клипны санаа олох уралдаанд мэргэжлийн, мэргэжлийн бус ямар ч хүн оролцож болно. Гол нь "эр хүн гэж таны хувьд хэн бэ" гэсэн санааг агуулах ёстой. Мөн өөрийнхөө болон ойр тойронд тохиолдсон дурсамжтай үг, үйлдлийг бид нар луу явуулах ёстой. Энэ нь зохиол биш учраас "Эр хүн" гэсэн тодорхойлолтод багтах санааг ганц хоёр өгүүлбэрээр илэрхийлэх ёстой юм. Энэ уралдаанд түрүүлсэн хүнд 10 сая төгрөг олгож, шалгарсан санаагаар нь клип бүтээж олон нийтэд түгээнэ. Мөн энэ уралдааныг 10 хоногийн хугацаатай зарлаж, эхний 50 оролцогчийг тоглолтынхоо тасалбараар шагнана. Улмаар "Эр хүн" дууны клипыг гуравдугаар сарын 18-нд цацна.
Түүнчлэн бид Европ болон Австралид аялан тоглолтоо хийсэн. Үргэлжлүүлэн ирэх гуравдугаар сард АНУ болон Канадад аялан тоглолтоо хийнэ. Энэ тоглолтоо дуусгаад бүрэн хэмжээний томоохон тоглолтоо хийхээр төлөвлөсөн. Тоглолт хаана хэзээ болох талаар тун удахгүй мэдээлэх болно" гэлээ.
ВИДЕО: