Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг /XVIII-XX зууны эхэн үе/” сэдэвт тусгай үзэсгэлэнг Монгол арт галерейд энэ сарын 7-нд нээнэ.
Одоогоос 113 жилийн өмнө, өвлийн тэргүүн сарын 20-ны өдөр буюу аргын тооллын хоёр сарын 7-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг Нийслэл хүрээ хэмээн нэрлэж, Монгол Улсын нийслэл хотоор өргөмжилсөн юм. Үзэсгэлэн Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг, Богдын хүрээ хотыг харуулсан гэрэл зураг, Видео танхимд үзүүлэх баримтат нэвтрүүлэг гэсэн гурван хэсэгтэй. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн соёл, урлагийн газар, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей ажиллаж байна.
Энэхүү үзэсгэлэнд Богд хааны ордон музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Улаанбаатар хотын музей, Монгол арт галерей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар Улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадна, дотны музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдад хадгалагдаж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим монгол зургийн бүтээлийг анх удаа нэгдсэн байдлаар дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Мөн ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн энэхүү бүтээлүүдээр дамжуулан Богдын хүрээ ямар хот байсан, монгол зурагт хэрхэн дүрслэгдсэн, эдгээр бүтээл ямар үнэ цэнтэй зэргийг олон нийтэд сурталчлан таниулахад үзэсгэлэнгийн зорилго оршиж байна.