Хаврын морин уралдаан хүүхдийн эрх зөрчиж байна гэсэн шүүхийн шийдвэр гарч, 2019 онд Засгийн газрын тогтоолоор хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хаврын морин уралдааныг сэргээх шийдвэр гаргаж, зохион байгуулж, хяналт тавих эрхийг орон нутаг руу шилжүүллээ.
Ингэснээр хэрэв орон нутгийн удирдлагууд зөвшөөрөл олгосон тохиолдолд хаврын морин уралдаан зохион байгуулах боломжтой боллоо гэсэн үг. Тэгвэл хаврын морин уралдаан зохион байгуулах боломжтой боллоо гэсэн сургаар уяачид хэдийнээ морьдоо сойж, унаач хүүхдүүдээр морины ажил хийлгээд эхэлжээ.
ВИДЕО:
-ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ҮЛ ХАРГАЛЗАН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, ДҮНЖИНГАРАВ УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГЭЖ БАЙНА-
Тодруулбал, Засгийн газар өнгөрөгч долоо хоногийн хуралдаанаараа 2019 онд гаргасан 57 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг гаргасан. Учир нь Улсын дээд шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг хууль бус болохыг тогтоосон байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-т “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан.
Тэгэхээр Засгийн газрын хуралдааны шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн гэж хуульчид хэлж байгаа юм.
Гэтэл хаврын морин уралдааныг сэргээх сургаар Өлзийт хороолол, Хүй долоон худаг зэрэг газар байрлан морио уядаг уяачид хэдийнээ морины ажлаа хийж, хүүхдүүдээр морь хөлслүүлээд эхэлжээ.
-ХАВРЫН УРАЛДААНД БЭЛТГЭЖ, УНААЧ ХҮҮХДҮҮДЭЭР МОРИНЫ АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА-
Хаврын цагт уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрүүл мэндэд эрсдэлтэй, сурч боловсрох эрхийг нь бүдүүлгээр зөрчиж буй зэрэг олон асуудал байгааг хүний эрхийн ажилчид хэлж буй. Энэ бүхнийг үл тоон, хичээл сургууль эхэлчихээд байхад хаврын морин уралдаан зохион байгуулна гэсэн сургаар уяачид морьдоо уяж сойгоод, унаач хүүхдүүдээр морины ажил хийлгээд эхэлсэн байна. Иймд бид Өлзийт хорооллыг зорьж, морины ажил хийгээд эхэлсэн уяач нараас хүүхдийн эрх зөрчиж, хууль бус шийдвэр дагаж байгаа талаар нь болон унаач хүүхэд нараас зарим зүйлийг тодрууллаа.
Уяач нарын хувьд “Хаврын морин уралдаан болбол сайхан л байна. Бид жилийн дөрвөн улиралд морьдоо уяж, ажлаа хийдэг. Гэтэл зун л наадам болдог учраас бидний бүтэн жилийн хөдөлмөр үнэгүйддэг. Хаврын уралдаан болоход бид хамгаалах хэрэгслийг хүүхдүүддээ сайтар өмсүүлээд, унаач хүүхдийн насны хязгаарыг 12 байхаар зааж өгвөл болохгүй зүйл байхгүй шүү дээ. Хүүхдүүдээ хичээл сургуульд нь явуулдгаараа явуулж байгаа. Гол нь наадмыг зохион байгуулж байгаа хүмүүст л хамаатай асуудал. Наадам зохион байгуулах зам талбайгаа сайн засах хэрэгтэй. Тэгж байж хүүхэд бэртэж гэмтэх эрсдэл бага үүрнэ” гэсэн юм.