Тагнуулаас "Маш нууц "-ын зэрэглэлтэй шүүхэд шилжүүлсэн "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан" гэх В.Мөнхжаргалд холбогдох хэрэгт прокурор эсэргүүцэл бичсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тус эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ. Өөрөөр хэлбэл Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан В.Мөнхжаргалд холбогдох хэргийг тухайн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр прокурорт шилжүүлэхээр боллоо.
Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан В.Мөнхжаргалд холбогдох хэргийг Тагнуулын байгууллагаас шалгаж, тус хэрэгт Эрүүгийн хуулийн 19.3 дахь хэсэг буюу "Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах" гэсэн зүйл ангиар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин тус хэргийн хохирогч хэн болох, шүүгдэгч В.Мөнхжаргал нь ямар шалтгаанаар Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдахыг завдсан зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Учир нь тус хэргийг Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгаж, "маш нууц"-ын зэрэглэлтэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.