Булган аймгийн Ингэт орчмоос 1500 жилийн настай Буддагийн хөшөө олджээ

Булган аймгийн Ингэт орчмоос 1500 жилийн настай Буддагийн хөшөө олджээ

Булган аймгийн Ингэт орчмоос 1500 орчим жилийн настай тахилын байгууламж дотроос Жужан улсын үед хамаарах Буддын дүрслэлтэй хүн чулууг археологичид олж тогтоожээ. Судалгаагаар уг хүн чулуу нь шашны эхэн үеийн дэлгэрэлтийг батлах анхны биет өв болох нь тогтоогдсон байна.

Тодруулбал, Монголд бурхны шашин 2000 жилийн түүхтэй гэж үздэг ч, энэ олдвор нь Буддын шашин Монголд дэлгэрч байсан бодит нотолгоо болж байгаа юм. Өмнө нь Монголын тал нутагт иймэрхүү босоо дүрслэлтэй Буддагийн хөшөө илрээгүй байсан нь тус олдворын үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа аж. 

416-538 оны үед хамаарах тахилын сүмийн төв хэсэгт наран ургах зүгт харсан гэрэлт хөшөөний суурь бүхий чулуу, яст мэлхийн дүрстэй чулуун суурь хөндөгдөөгүй байдлаар олдсон байна. Энэ нь шашны эхэн үеийн дэлгэрэлтийн хосгүй үнэт гэрч болохыг судлаачид онцолж байгаа юм.

Олдворуудын дотор Умард Вэй гүрний үеийн барилгын нүүр ваар, чимэглэл, сүмийн хэрэглэгдэхүүнүүд багтаж байгаа нь сонирхол татаж байна. Умард Вэй нь 380-530-аад оны хооронд умард Хятадын нутагт оршин тогтнож байсан сяньби угсааны тоба нарын байгуулсан эзэнт гүрэн юм.