Монголд оюун ухааны спорт нь сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд энэхүү спортыг хөгжүүлсэн гол хүн бол Х.Хатанбаатар багш юм. Өдгөө оюун ухааны спортоор монголчууд дэлхийд данслагдаж, хүүхэд багачууд маань монгол хүний оюуны потенциалын удаа дараалан дэлхийд гайхуулсаар байна. Тэгвэл бид энэ удаа АНУ-д саяхан болсон цээж бодолтын олон улсын тэмцээнд түрүүлсэн Ч.Бишрэлт хүүтэй ярилцлаа.
ВИДЕО:
Хөгжил цогцолбор сургуулийн 3г ангийн сурагч Ч.Бишрэлт нь АНУ-д болсон цээж бодолтын олон улсын тэмцээнд тэргүүн байр эзэлж, алтан цомын эзэн болжээ.
Түүний хувьд зургаан настайгаасаа сампингаар хичээллэж эхэлсэн бөгөөд гуравхан жилийн дотор томоохон амжилтыг үзүүлж чадсан байна. Олон улсын 400 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнээс алтан цомыг нь авчихаад зогсож байх тэр мөч Ч.Бишрэлтийн хувьд үгээр хэлэмгүй сайхан мөч байсан бөгөөд үнэхээр их баярлаж, сандарч, догдолж байсан талаараа бидэнд ярьсан юм.
Энэ удаагийн АНУ-д болсон тэмцээнд Монголоос нийт 8 тамирчин оролцож, үнэмлэхүй амжилт үзүүлжээ.
Ч.Бишрэлтийн хувьд тэмцээнд оролцоод ирэхэд нь гэр бүлийнхэн үнэхээр их баярлан хүлээн авч байсан нь түүнд энэ спортод улам хичээн суралцах итгэл найдвар бэлэглэсэн байна. Түүний хувьд саяны тэмцээнд нийт дөрвөн үйлдлээр цээж бодолт хийсэн бөгөөд таван минутанд үржих, хуваах, нэмэх хасах үйлдлээр бодож тэргүүн байр эзэлжээ.
Мөн тэрбээр дараагийн тэмцээндээ заавал түрүүлэх зорилго тавьж, эртнээс бэлтгэл сургуулилтаа шамдан хийж байгаа бөгөөд хүүхэд багачуудаа энэ спортоор хичээллэхийг уриалж, нэг сонирхоод эхэлбэл үнэхээр гоё байдаг талаараа бидэнд ярьсан юм.
Сая АНУ-д болсон тэмцээнд түүний ээж Б.Шүрэнцэцэг хамт явсан бөгөөд бяцхан хүүгээ тэр том тэмцээнээс алтан цомыг нь аваад зогсож байхыг хараад үнэхээр их баярлаж, бахархсан гэнэ.
Мөн Ч.Бишрэлт шоонд их дуртай учраас цаашид энэ төрлөөр хичээллүүлж, сайн дэмжих хүсэлтэй байгаа бөгөөд үнэхээр сэргэлэн хүү учир аливаа юмыг амархан сурч, ахиц дэвшил гаргах нь хурдан байдагт баяртай байдаг гэв. Тэрбээр цаашид хүүгээ бүхий л талаар нь дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.