Лхагва гаргийн орой АНУ-ын нийслэл Вашингтон хотод “CRJ700” зорчигч тээврийн нисэх онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлджээ.
Колумбийн тойргийн Гал түймэртэй тэмцэх болон яаралтай тусламжийн албанаас мэдээлснээр, цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдсөний дараа зорчигч тээврийн онгоц Рональд Рейганы нэрэмжит нисэх онгоцны буудлаас холгүй Потомак голд унасан байна. АНУ-ын иргэний нисэхийн удирдах газраас (FAA) мэдээлснээр, уг онгоц нь “PSA Airlines” компанийн онгоц бөгөөд орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд газардах үедээ “Sikorsky H-60” нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байна. Уг онгоц Канзас муж улсын Вичита хотоос Вашингтон хотын чиглэлд “American Airlines” компанийн нислэгийг үйлдэж байжээ.
Онгоцонд 60 зорчигч байсан тухай “Reuters” агентлаг “American Airlines” компанийн мэдээллийг эш татан мэдээлсэн байна. Уг онгоцтой мөргөлдсөн нисдэг тэрэгт гурван цэрэг байсан гэж "CNN" суваг цэргийн эх сурвалжийг эш татан мэдээллээ. Ослын газарт эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ