Нийслэлийн Засаг даргын тамгын газраас их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар МЕТРО төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулахтай холбоотойгоор судалгааг иргэдийн дунд явуулж эхэлжээ.
Саналыг зөвхөн судалгааны зорилгоор ашиглан ТЭЗҮ-д тусгах тул идэвхтэй оролцохыг уриалсан бөгөөд судалгаанд "Улаанбаатар метроны тасалбарын үнэ хэд байвал зохистой вэ" гэх асуултыг асуусан байна.
Тодруулбал судалгаанд:
- Та ямар тээврийн хэрэгслээр түлхүү зорчдог вэ?
- Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцоход ямар бэрхшээл тулгардаг вэ?
- Та өдөрт хэдэн цаг зорчдог вэ?
- Та өдөрт хэдэн удаа нийтийн тээврээр үйлчлүүлдэг вэ?
- Та гаднын улс орнуудад метрогоор үйлчлүүлж байсан уу?
- Та гаднын улс орны метрогоор үйлчлүүлэхдээ ямар үнээр зорчиж байсан бэ? /төгрөгөөр илэрхийлбэл/
- УБ метроны тасалбарын үнэ хэд байвал зохистой вэ? /төгрөгөөр/
- Улаанбаатарт метро барих шаардлагатай юу? зэрэг асуулт багтжээ.
Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын сонгуулийн өмнө метро барих тендерийн саналыг Улаанбаатар хотын сурталчилгааны самбар бүрт байрлуулж байлаа. Мөн ОХУ-д үйлдвэрлэгдсэн хуучны хэдэн техник аваачаад газар шорооны ажлыг нээлтийг хийж шоудаж байв. Гэвч бодит байдал дээр судалгааны ажил дөнгөж хийгдэж байгаа бөгөөд ТЭЗҮ нь ч бүрэн хийгдээгүй, төсөв хөрөнгө нь шийдэгдээгүй, эрчим хүчний эх үүсвэрээ бэлдээгүй байгаа юм. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг шиг ТЭЗҮ нь ч гараагүй метроны тасалбарын үнийг хэд байх талаар асууж буй нь тус ажлыг аргацаасан байдал гэж харагдаж байна. Тийм ч учраас иргэд уг санал асуулгад багтсан тус асуултад шүүмжлэлтэй хандан, бухимдаж буйгаа цахим орчинд илэрхийлээд байна.