Налайх эрүүл мэндийн төвөөс өнөөдөр /2025.01.30/менигококк халдварын тохиолдолтой холбоотой мэдээлэл хийлээ.
-ХАЛДВАРЫН СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН ХҮҮХЭД ЭНЭ САРЫН 28-НЫ ШӨНӨӨС ХАЛУУРЧ ЭХЭЛСЭН-
Дүүргийн шуурхай штабаас өгч байгаа мэдээллээр, өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний 08:35 цагт гурван нас долоон сартай эрэгтэй хүүхэд "Нарны элч" өрхийн эрүүл мэндийн төвд маш өндөр халуурч, асран хамгаалагчид нь үзүүлэхээр авч ирсэн. Өрхийн эмч анхан шатны үзлэгээр Менингококк өвчний шинж тэмдэг илэрсэн байна гэж үзэж өрхийн эрүүл мэндийн төвийн машинаар Налайх дүүргийн халдвартын тасагт хүргэсэн. Үүний дараа ХӨСҮТ-ийн тандалтын албанд 10:20 цагт мэдээлж, лабораторид шинжилгээг өгсөн. Өчигдөр 17:50 цагт шинжилгээний хариу эерэг гарч менингококк болох нь тогтоогдсон. Дүүргээс хариу гарсан даруйд Онцгой комиссын шуурхай штабыг яаралтай хуралдуулж хариу арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэлээ.
Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль:
-Хүүхдийг өчигдөр өглөө эмнэлзүйн шинж тэмдгээр нь хүлээж авч яаралтай эмчилгээнд оруулсан. Эрүүл мэндийн сайдын 2008 оны 37 тоот тушаалын дагуу мэдээллийг шууд ХӨСҮТ, ЭМЯ, НЭМҮГ-т өгч ажилласан. Мөн эрүүл мэндийн төвөөс тандалтын багийг шуурхай гаргаж, ойрын болон холын хавьтлуудыг судалсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдол нэг.
-НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАХ ОЛОН НИЙТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАВ ХОНОГ ХОРИГЛОСОН-
Тухайн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн хүүхэд энэ сарын 28-ны шөнөөс халуурч эхэлсэн. Ээж нь тухайн шөнөдөө халуун бууруулах эмчилгээ хийсэн ч өглөө босоход биеэр нь их хэмжээний тууралт гарч улмаар өрхийн эмнэлэгтээ очсон. Хүүхэд хордлого их, биеийн байдал маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн. Бид тохиолдол батлагдсан даруйд эмч нарын шуурхай баг гарсан.
Халдварын тохиолдол илэрсэн хүүхэд ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.
Тандалтаар тухайн хүүхдийн явж байсан цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхчүүдийг цуглуулж тандалт шинжилгээ хийсэн. Хүүхдийн ам бүл найм. Гэрийнхнээс мөн шинжилгээ авсан. Шаардлагатай тохиолдолд хөл хорио тогтооно. Одоогоор хязгаарлалт хийх шийдвэр гараагүй. Тандалтын зургаан шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой 25 байгууллагын 41 анги танхимыг ариутгаж, бүрэн халдваргүйжүүлсэн. Дүүргийн хэмжээнд зохион байгуулах олон нийтийн үйл ажиллагааг тав хоног хориглосон.