Ц.Дуламсүрэн: Хаврын эрлийз морины уралдаан нь өв соёл бус хүүхдийн эрхийг зөрчиж буй бүдүүлэг алдаа

Ц.Дуламсүрэн: Хаврын эрлийз морины уралдаан нь өв соёл бус хүүхдийн эрхийг зөрчиж буй бүдүүлэг алдаа

Монгол Улсын начин, тод манлай уяач Ц.Дуламсүрэн хаврын морин уралдаантай холбоотой асуудал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Хаврын эрлийз морины уралдаан бол өв соёл биш. Хүүхдийн эрхийг зөрчиж буй маш том бүдүүлэг алдаа. Би өөрөө 3 наснаасаа морь унаж өссөн. Л.Энх-Амгалан сайд "Би хөдөө хурдны морь унаж өссөн. Энэ уламжлалаа бид Хятадад алдах гээд байна" гэсэн. Манайд хаврын уралдаан зохион байгуулагдахад Өвөр Монголд хурдан морь уралдахаа болино гэж хэн хэлээд байгаа юм бэ. Тэд эрлийз морь, монгол мориор уралдана уу бидэнд хамаагүй шүү дээ. Ийм сонин жишээ хэлэх юм. Та хүүхэд байхдаа унаж байсан монгол морь цаанадаж 35 км/цаг хурдтай байсан юм.

Өдгөө 30-35км хурдтай адууг хүүхэд зун унаад уралдах нэг өөр. Харин 50-60 км цагийн хурдтай, допинг буюу хүч тамир оруулагчаар тариулж, эм тариагаа бордуулаад "галзуурчихсан" адууг 3 дугаар сарын хөлдүү газар дээр, насанд хүрээгүй хүүхдээр ашгийн төлөө унуулж уралдуулж байна. Энд ямар ээж аав хүүхдээ дэнчин тавьж уралдуулах вэ. Тийм эрлийз морийг насанд хүрсэн та нөхөд ч унаж уралдах боломжгүй, нисэж үхнэ.

Та нар хараарай, 300-400 морь уралдахад 3-4 нь л уяач өөрийн хүүхдээр морио унуулдаг. Бусад нь хэний хүүхдээр морио унуулж байгаа нь тодорхой. Бид хаврын морин уралдааныг зохион байгуулснаар өв соёлоо хадгалах биш харин ч устгана. 3 сая төгрөг төлөөд 300 сая төгрөгийн бай авах уралдаанд хүүхдийг эрлийз морь унуулж уралдуулж байна.

"Ча гэх ямаагүй, чү гэх морьгүй юм байж энэ талаар бүү ярь" гэж бусдыг доромжлох юм. Хүүхдийн эрхийн төлөө монгол хүн бүр дуугарах эрхтэй шүү

Хүүхдийн эрхийн Конвенцид бид нэгдсэн биз дээ. Тэнд тэгээд заачихсан байна уу. Монгол морио уядаг уяачдын нэрийг барьж жагсан, улс төрд нөлөөлж уралдаан зохион байгуулах гэж байгаа нь зүй зохистой биш. УИХ-ын гишүүн эмэгтэй, эх хүнийг "Хужаа, нохойн баас, алцгар..." хэмээн есөн шидээр нь хэлдэг хүн жудагтай уяач мөн үү. Тэр огт морь ярьсангүй, хүүхдийн эрх л ярилаа. Хүүхдийн эрхийн төлөө монгол хүн бүр дуугарах эрх нь бий. Өв соёлоо хамгаалахын төлөө хэн ч ярих эрх бий. Монгол мал сүрэг төрийн хамгаалалтад тэр дундаа төр мал сүргийн удмын санг хамгаалах ёстой гэж Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл удмын санг устгаад дууслаа. Өв соёлын нэр барьж өв соёлыг харин ч устгадаг бүлэг нь эрлийз адуу уядаг хүмүүс юм.

Хаврын уралдааныг нээхийг шаардсан жагсаал дээр монгол морь уядаг хэд хэдэн уяач харагдана лээ. Буруутгах аргагүй ээ, мөн л монгол морио уралдуулчихъя гэж бодож байгаа юм. Манайд спортын эрсдэлийн тухай хууль гэж байдаггүй. Тухайлбал нум сум харваж байгаад санамсаргүй хүний нүд сохлоод харваач 2 жилийн ял авсан тохиолдол гарсан. Морин уралдааныг 5 дугаар сараас хойш хийж болно шүү дээ" гэлээ. 

ВИДЕО: