ОХУ-ын цагдаагийн байгууллагаас Интерполын сувгаар эрэн сурвалжилж байсан этгээдийг Монгол Улсаас баривчилсан талаар тус улсын ZAB.RU хэвлэлд мэдээлжээ.
Тодруулбал, 2022 онд ОХУ-д ипотекийн зээл олгосон арилжааны байгууллагын ажилтан хамсаатнуудтайгаа нийлж гэр бүлд төрөөс дэмжлэг үзүүлэх хүрээнд төсвийн хөрөнгийг завших схемийг зохион байгуулжээ. Улмаар олон хүүхэдтэй айлуудыг хайж, орон сууц, газрыг ипотекийн зээлээр худалдах, зээл олгох зэргээр баримт бичгийг нь авч, өөрсдөдөө мөнгө шилжүүлэн авсан байна. Эрүүгийн схемд оролцогчид хүлээн авсан төлбөрөө өөр хоорондоо хуваасан гэх бөгөөд нийтдээ ОХУ-ын 150 гаруй иргэн хохирчээ. Холбооны төсөвт учирсан хохирол нь ойролцоогоор 80 сая рубль болох аж. ОХУ-ын Эрүүгийн хуулийн 159 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд одоогоор Монгол Улсаас баривчилсан уг этгээдийг цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.