Өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний Засгийн газрын хуралдаанаар хурдан морины уралдаан зохион байгуулахтай холбоотой шийдвэрийг орон нутгийн удирдлага хариуцах шийдвэр гаргасан.
Тэгвэл орон нутгийн удирдлагууд эхнээсээ шийдвэрээ гаргаж эхэлжээ. Тухайлбал, Архангай, Дундговь аймгийн Засаг дарга нар тавдугаар сарын 1-н хүртэл морин уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Тодруулбал, тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд хурдан морины төрөл бүрийн уралдаан, бооцоот болон цолны мялаалга, найр, үсэргээ, сунгааны уралдаан зохион байгуулах, оролцохыг Засаг даргын захирамжаар түр хоригложээ.
Уг шийдвэрийг малчид, иргэд, ялангуяа уяачид, эцэг эхчүүдэд сурталчлан, өвөл, хаврын байгаль, цаг агаарын таагүй нөхцөлд морины уралдааны үед үүсэж болзошгүй сөрөг нөлөө, үр дагаврыг ойлгуулан таниулахыг Уяачдын холбоо, багийн засаг дарга нар, холбогдох алба хаагчдад үүрэг болгосон байна.