БАРИМТ: “Өвөл, хавар морин уралдаан хийхгүй” гэдгийг 2018 онд УДШ эцэслэсэн бөгөөд ЗГ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчих тул албажих боломжгүй

БАРИМТ: “Өвөл, хавар морин уралдаан хийхгүй” гэдгийг 2018 онд УДШ эцэслэсэн бөгөөд ЗГ-ын шийдвэр Үндсэн хууль зөрчих тул албажих боломжгүй

Засгийн газрын өчигдөр /2025.01.29/-ийн хурлаар гуравдугаар сарын 1-ний өдрөөс хойш хаврын морин уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймаг, орон нутгийн удирдлагууд шийдэх эрхийг нь өгөх шийдвэр гаргасан.

Засгийн газрын энэхүү шийдвэрийг УИХ-ын зарим нэр бүхий гишүүд эсэргүүцэж, Засгийн газарт Албан шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Мөн ард иргэд "Хүүхдийн эрхийг зөрчсөн" дээрх шийдвэрийг эсэргүүцэж, цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна. 

Тэгвэл Засгийн газрын дээрх шийдвэр нь албажих боломжгүй гэдгийг хуульчид хэлж, тайлбарлаж байна. Тодруулбал,  Монгол Улсын Үндсэн хуулийн 50.2-д х “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Үндсэн хуулийн тус заалтыг тодотгохын учир нь Засгийн газраас 2006-2017 оныг хүртэлх хугацаанд жил бүр тухайн жилийн хурдан морины бүсийн уралдааны хуваарийг тогтоох тогтоол гаргаж байсан байна. Харин тус тогтоолыг хууль бус болохыг Улсын дээд шүүх эцэслэж байжээ.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолоор "Дүнжингарав" уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг хууль бус болохыг тогтоосон байдаг. 

Тус тогтоолд  “Монгол Улсын Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл улс, аймаг, сумын хэмжээний хурдан морины уралдааны бэлтгэл шат болон уралдааны явцад хүүхдээр морь унуулах, аливаа хэлбэрийн морин уралдаан зохион байгуулахыг хориглосон улс даяар дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй" гэжээ. 

Улсын Дээд шүүхийн 2018 оны тогтоол
Улсын Дээд шүүхийн 2018 оны тогтоол

Товчхондоо, өвөл, хаврын морин уралдааныг зохион байгуулахгүй гэдгийг Дээд шүүх ийнхүү эцэслэсэн бөгөөд Үндсэн хуульд зааснаар түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Тиймээс Үндсэн хууль зөрчсөн Засгийн газрын шийдвэр албажих ёсгүй гэдгийг хуульчид тодотгож байна.  



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө