Засгийн газрын өнөөдрийн /2025.01.29/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, “Аймаг, орон нутагт зарим эрх, үүргийг шилжүүлэхтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хөдөө орон нутгийн хөгжлийг эрчимжүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгохтой холбоотойгоор шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, сум, орон нутгийн хэмжээнд соёл, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах бүх эрх мэдлийг орон нутагт шилжүүлж байна гэсэн үг. Иймд аливаа арга хэмжээний зохион байгуулалт, хяналтын ажлыг тухайн орон нутаг нь хариуцна. Өнөөдрөөс эхлээд аймаг, орон нутгийн удирдалгууд ямар дүрэм журмаар арга хэмжээ зохион байгуулж, ямар стандартыг баримтлах талаар шийдвэрлээд явах боломж бүрдэж байна гэсэн үг.
Морин спорт, бөх, сур харваа зэрэг бүх арга хэмжээг тухайн аймаг орон нутаг нь өөрсдөө зохион байгуулж, хяналтаа тавина.
Нөгөө талаараа зөвхөн соёл урлагийн арга хэмжээ бус зам дэд бүтэц, хот байгуулалтын асуудлуудыг хангах, стандартыг хангуулах зэрэг ажлыг ч шат дараатайгаар орон нутагт шилжүүлж байгаа юм. Тэд нэгдүгээрт, зохион байгуулалтаа хийх ёстой. Хоёрдугаарт, хяналтаа тавих ёстой. Гуравдугаарт, хууль дүрэм журмаа баримтлах ёстой. Мөн мэргэжлийн холбоод, салбар яамдууд хяналтаа тавина.
Мөн хүүхэд залуучуудын оролцоог хангах үүднээс Боловсролын сайдтай хамтарсан тушаал гаргаж, боловсролын хөтөлбөрт байгаа бага, дунд сургуулийн сурагчдад аюулгүй амьдрах ухаан гэсэн хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгээс нь эхлээд бүх шатны боловсролын байгууллагад улиралд багадаа 1-ээс доошгүй хэмжээнд өөрийнхөө болон өрөөлийн амь насыг хамгаалах анхан шатны мэдлэгтэй болгох ажлыг практик дадлага байдлаар хийж хэрэгжүүлэх ажлыг энэ сараас эхлэн хийнэ. Мөн иргэд сард нэг удаа цахилгаан залгуур, шугамныхаа аюулгүй байдлыг шалгадаг болно” гэлээ.
LIVE: