Монголын кино урлагийн салбарт шинэ үеийн төлөөлөл болж, өөрсдийн гэсэн кино уран бүтээлийг туурвин үзэгчдийн хүртээл болгож буй “4 бэрх” филмийн залуусыг бид энэ удаад онцлон хүргэж байна. Тэдний хувьд “Амьд бус амьдрагсад”, “Намайг аваад үлдээч” 1, 2, 3 киног хийж олны хүртээл болгосноос гадна кино уран бүтээлийнхээ ширхэг эд эсийг ч хүртэл зүрх сэтгэлээ шингээн, өөрсдөө хийцгэдээг залуус. Тэд тун удахгүй “Намайг аваад үлдээч” 3 киногоо нээх гэж буй. Иймд тус кинонд гол дүрийн жүжигчин, ерөнхий найруулагчаар ажилласан Б.Атарболдыг урьж ярилцлаа.
ВИДЕО:
-Өөрийн тань төгссөн сургуулийн талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд 2016 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч гэх хос мэргэжлээр Б.Мөнхдорж багшийн удирдлага дор төгссөн. Төгсөөд УДЭТ-т студи ангийн жүжигчнээр долоон сар ажиллаад 2018 онд магистараар суралцсан юм.
-“Дөрвөн бэрх” филмийг хэзээ үүсгэн байгуулж байв?
-Үеийн 4, 5 найз нийлээд 2018 онд “Дөрвөн бэрх” филмийг үүсгэн байгуулж байсан. Тухайн үед киноны ч мэдлэггүй байсан таван залуу нийлээд өөрсдийн гэсэн кино уран бүтээлтэй болохоор шийдэж, “Зөрүүд эрийг номхотосон нь” гээд кинотой ижил төрлийн кино хийе гэж ярилцаад “Намайг аваад үлдээч” киноны зохиол дээр Б.Нямдэлгэр найз маань ажиллаж, анх зориг шулуудан энэ киног хийж байлаа.
-Анхны уран бүтээл, мөн өөрсдөө бүх зүйлээ хийхэд мэдээж бэрхшээл бишгүй л тохиолдож байсан биз?
-Тухайн үед биднийг хэн ч танихгүй учраас мөнгө санхүүгээс эхлээд олон асуудал байсан. Киногоо хийж эхлээд шантраад, яг болих гэж байтал манай хоёр найз “Одоо л бид хийхгүй бол цаашдаа бид өөр мэргэжлээр хар бор ажил хийгээд л явна шүү дээ” гэж хэлэхэд яалт ч үгүй мэргэжилдээ хайртай болохоор маргаашаас нь л шууд киногоо хийж эхэлж байсан.
-Тэгээд хэр ашигтай ажилласан бэ?
-Яг үнэнийг хэлэхэд “Намайг аваад үлдээч” киноны эхний ангийг хийгээд үнэхээр шатсан. Цаанаа нэлээн асуудалтай, өртэй үлдээд би өөрөө нэг амжиргаа цагаан машин аваад 100 айл дээр жил зогссон шүү дээ. Гэхдээ тухайн үед кино маань амжилт олоогүй ч дараа нь үзлэгт тавихад хүмүүс их ам сайтай хүлээж авсан. Миний хувьд “Намайг аваад үлдээч” гэх зохиолынхоо бүх жүжигчдийг нэгтгэсэн төгсгөлийн ангийг хийе гэсэн бодол байдаг.
-“Намайг аваад үлдээч” киногоороо ямар утга санааг хэлэхийг зорьсон бэ?
-Манайх чинь хөдөө хот гэсэн хоёр соёлтой шүү дээ. Энэ бүхнийг нийлүүлээд ахуйгаа харуулсан, монгол хүний зан чанарыг агуулсан уран бүтээл хийнэ гэж зориод “Намайг аваад үлдээч” киногоо хийж байсан. Энэ кино маань миний хувьд амьдрал зохиох бүх л зүйлд маань нөлөөлсөн. 2018 онд “Намайг аваад үлдээч” киноны эхний анги маань хийгдсэний дараа гол дүр болох Минжээгийн дүрд тоглодог О.Сарангэрэл гээд эмэгтэйтэй хайр сэтгэлийн холбоотой болоод түүнээс хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Одоо бид нэг охинтой.
Ингээд бодохоор энэ кино маань миний гэр бүлийг бүтээсэн учраас надад их үнэ цэнтэй уран бүтээл шиг санагддаг.
-Танай филмийг “Амьд бус амьдрагсад” гээд олон ангит аймшгийн киногоор нь хүмүүс багагүй мэдэх байх. Тухайн үед шинэ залуус олон ангит кино хийхэд мэдээж их л асуудал тулгарч байсан биз?
-Анх 2020 онд манай нэг дүү “Амьд бус амьдрагсад”-ын зохиолыг барьж ирээд “кино хийе” гэж хэлж байсан. Тухайн үед бид ч олонд нэг их танигдаагүй байсан. Шууд олон ангит кино хийхэд мэдээж хөрөнгө санхүүгээс эхлээд хэцүү зүйл олон байсан ч ямартай ч зохиолыг нь сонсож, кино зохиол болгоод киногоо хийж эхэлсэн. Кино эхлэхээс дуусан дуустал бүх процесыг нь манай филм өөрсдөө хариуцан ажилласан юм. Тэгээд найман ангитай аймшгийн кино хийсэн нь хүмүүст их хүрч, нэлээд олон хүн тэр киногоор маань биднийг мэддэг болсонд их баяртай байдаг.
-“Дөрвөн бэрх” филмийн цаашдын зорилго юу вэ?
-“Намайг аваад үлдээч” киноны гуравдугаар анги нэгдүгээр сарын 31-нд бүх кино театруудаар гарах гэж байна. Манай филмийн цаашдын зорилго мэдээж олон зүйл байгаа. Бид ихэнхдээ л дээлтэй, ахуйтай кино хийсэн байна. Иймд хүмүүс “эд нар ийм л зүйл хийдэг дээ” гэж харж магадгүй юм. Адилхан л мэргэжлийн уран бүтээлчид учраас арай өөр төрлийн кино руу орох бодол байгаа.