ВИДЕО: Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 1-нээс шахмал түлш үйлдвэрлэхгүй, үнийг нь нэмнэ” хэмээн мэдээлснээс шахмал түлшний эрэлт өсч, хомсдол үүсчээ

ВИДЕО: Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 1-нээс шахмал түлш үйлдвэрлэхгүй, үнийг нь нэмнэ” хэмээн мэдээлснээс шахмал түлшний эрэлт өсч, хомсдол үүсчээ

Хотын дарга Х.Нямбаатар 2025 оны нэгдүгээр сарын наймны өдөр “Гуравдугаар сарын 1-нээс шахмал түлш үйлдвэрлэхгүй, үнийг нь нэмнэ” гэх мэдээллийг өгсөн. Түүнчлэн “20800 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа түлшийг 3750 төгрөгөөр зарж байгаа тул сайжруулсан түлшний үнийг нэмнэ” гэсэн билээ.

ВИДЕО:

Тэгвэл дээрх мэдээллийн улмаас өнөөдөр шахмал түлшний эрэлт ихэсч, иргэд Тавантолгой түлшийг их хэмжээгээр нөөцөлж эхэлсэн байна. Улмаар тавантолгой түлш борлуулах цэгүүд дээр түлшний эрэлт өсч, хомсдол үүсчээ.

-ТҮЛШНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЖ, ХОРИГЛОХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ГАРСНААС БОЛЖ ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШИЙГ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НӨӨЦӨЛЖ ЭХЭЛСЭН-

Тэгвэл Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Таван толгой түлш" ХХК-ийн борлуулагч Н.Гантулга ярихдаа, "Гуравдугаар сарын нэгнээс шахмал түлш түлүүлэхгүй, өөр коксжсон нүүрс зарна гэж хотын Х.Нямбаатар мэдээлснээс болоод хүмүүс ахиухан түлш авч гэртээ нөөцлөх болсноор түлш их хурдан борлогдох болсон. Жирийн үед бол манай цэг орой 20:00 цаг хүртэл ажилладаг. Зарах ёстой 10 тонн буюу 400 шуудай нүүрсээ зарсан болохоор одоо бид хаах гэж байна" гэсэн юм.  

Биднийг сурвалжлага бэлтгэж байх үед хэд хэдэн иргэд шахмал түлш асууж ирсэн бөгөөд иргэдийн ярьж буйгаар, "Шахмал түлшний олдоц он гарснаас хойш муудсан. Иргэд гэртээ ойрхон цэгээс түлшээ авдаг. Өдийд ирэхэд уг нь түлштэй байдаг. Гэвч өнөөдөр ямар ч түлшгүй болчихоод байна. Гуравдугаар сарын нэгнээс шахмал түлш түлүүлэхгүй гэхээр байдал улам л хүндрэх байх. Таван сар дуустал иргэд түлш түлдэг шүү дээ. Х.Нямбаатарын зарна гээд байгаа коксжсон нүүрс нь одоогийн нүүрснээс сайн байх юм уу, муу байх юм уу гэдгийг бид мэдэхгүй шүү дээ" гэсэн юм. 

-ӨГЛӨӨ 09:00 ЦАГТ ИРСЭН 400 ШУУДАЙ НҮҮРС ОРОЙ 16:00 ЦАГТ ДУУССАН БАЙНА-

Мөн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Таван толгой түлш" ХХК-ийн борлуулагч Н.Гантулга ярихдаа, "Он гарснаас хойш сайжруулсан түлшний үнийг нэмнэ гээд нийслэлээс зарлачихсан. Сайтууд, хэвлэлээр маш их мэдээлэл явсан. Иргэд үнэ нэмэгдэх сургаар шахмал түлшийг их хэмжээгээр авч нөөцөлж байна. Өглөө 9:00 цагт 400 шуудай нүүрс ирсэн. Одоо 16:00 цагт дууссан байна" гэсэн юм.