Өчигдөр /2025.01.26/ болсон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуульд А.Лукашенко 86.82 хувийн санал авч ялалт байгуулсан гэж тус улсын Сонгуулийн төв хорооноос мэдэгдсэн. Харин барууны орнууд энэхүү сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд буй.
Тэгвэл ОХУ-ын гол холбоотон гэгдэж буй Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенкод Оросын ерөнхийлөгч В.Путин баяр хүргэжээ. В.Путин "Сонгуульд итгэл үнэмшилтэй ялалт байгуулсан явдал нь А.Лукашенко таны улс төрийн өндөр эрх мэдэл, мөн Беларусийн баримталж буй төрийн чиг хандлагыг ард түмэн эргэлзээгүй дэмжиж байгааг тод харуулж байна" гэжээ. Харин удахгүй А.Лукашенко Москвад очих аж.
Сонирхуулахад, АНУ болоод Европын парламент, Европын холбооны хэд хэдэн орон Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ аль хэдийн мэдэгдсэн юм. Харин тэдний энэхүү шийдвэрт ямар хандлагатай байна вэ гэсэн асуултад А.Лукашенко “бидэнд хамаагүй” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC