Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж шийдвэрлэсэн билээ. Гэтэл энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлэл олныг бухимдуулав.
Тэрбээр, "Орон нутгийн машинаас өндөр татвар авч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Махаа зараад, Нарантуулаар ороод буцахад хоёр хоног хангалттай. Хоёр хоногт 1000 төгрөг төлдөг татвар хуучнаараа мөрдөгдөж байгаа. Харин орон нутгаас орж ирээд хотын хөдөлгөөнд оролцоод, халтуур хийгээд явж байвал 49 дэх цагаас нь эхлээд өдрийн 5000 төгрөгийн татвар авна” гэсэн юм. Гэтэл хөдөөгийн иргэд мах зарах гэж л хотод орж ирдэг гэдэг нь дэндүү ташаа ойлголт. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэргээр хотод 49-өөс дээш цаг байх шалтгаан бишгүй тохиолдоно. Мөн хөдөөгийн дугаартай автомашин таксинд явж байна уу, мах зарах гээд явж байна уу гэдгийг хэн, хэрхэн шалгаж тогтоох нь ч тодорхой бус. Энэ нь нэг талаар 20-р зууны "замын хуудас" гэгчийг сэргээж байгаа гэлтэй.
ХХ зууны Монгол ардын намын үед хэрэгжүүлдэг байсан хөдөөнөөс хот орохдоо авдаг “замын хуудас” гэдэг нь хэний зөвшөөрлөөр хаанаас, хэд хоногийн хугацаатай яваагаа цагдаад шалгуулдаг, хугацаагаа хэтрүүлбэл торгуулдаг байлаа. Харин энэ замын хуудсыг Х.Нямбаатар XXI зуунд монголчилж, “хөдөөнөөс ирсэн хүмүүс машинтайгаа хотод 49 цаг яваад л торгуулдаг болгож” байна. Энэ мэтчилэн гарц, гаргалгаа хайхаас илүүтэй хорьж, цагдах шийдвэр гаргадаг Хотын дарга Х.Нямбаатарын дараагийн шийдвэр 20-р зууны “замын хуудас” гэгчийг сэргээснээр үргэлжлэх бололтой.