Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн оноос "AI Academy Asia"-г үүсгэн байгуулж, хөдөө орон нутагт хиймэл оюун ухааны хичээл заах 500 сургагч багш бэлтгэж эхэлжээ.
Тэгвэл тус академийн албан ёсны нээлт өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-нд болох аж. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа, "2021 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн "Охидын код" хөтөлбөрөө улам өргөжүүлж, хиймэл оюуны академи байгуулан ямар ч түвшний мэдлэгтэй хүмүүст хүрч ажиллахаар зорьсон" гэжээ. Энэ удаагийн ажил нь Кембрижийн их сургуультай хамтран боловсруулсан хөтөлбөрийн дагуу хиймэл оюуны салбарт туршлагатай, чадварлаг багш нар хөдөө орон нутгийн иргэдэд сургалт орох юм. Түүний хэрэгжүүлсэн "Охидын код" хөтөлбөрийн үр шимээр 16-18 насны 120 охин код бичиж, дэлхийн их дээд сургуулиудад технологийн чиглэлээр суралцаж байгаа бол академийн үйл ажиллагаагаар тэр илүү олон хүмүүст, тэр дундаа хөвгүүдэд хүрч, ажил, хичээлдээ хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой болно гэдгийг онцолжээ.