Улаанбаатар хотод өчигдөр галын таван дуудлага бүртгэгджээ

Улаанбаатар хотод өчигдөр галын таван дуудлага бүртгэгджээ

Хүйтний улирал үргэлжилж буй энэ цаг иргэд санамсаргүй болгоомжгүй гал алдах тохиолдол буурахгүй байна. Тухайлбал өчигдөр нийслэлд галын таван тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд сендвичэн барилга шатаж байна гэсэн дуудлагыг 17:13 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 12х40 метрийн хэмжээтэй 2 давхар үйлдвэрийн барилгын 2 дугаар давхарт тоног төхөөрөмж, дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан. Мөн Налайх дүүргийн 6 дугаар хороонд гэр шатаж байна дуудлагыг 06:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 5 ханатай хоёр гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 2х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 08:55 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8х10 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2 дугаар давхрын дээврийн яндангийн хэсэгт гал гарч байсныг ажиллаж унтраасан. Баянгол дүүргийн 24 дүгээр хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 17:48 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ.