Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал гурван удаа хойшилоод байгаа билээ.
Тодруулбал, шүүгдэгч нарын хүсэлтээр шүүх хурал ийнхүү удаа дараа хойшилсон. Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх лхагва гарагт буюу нэгдүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан байна. Тус хэргийн илтгэгч шүүгчээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар оролцох бол Улсын яллагчаар Н.Булганчимэг оролцох аж.
Хэргийн талаар эргэн сануулахад, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Б.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм.