Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит "Эрдэнэс алт ресурс"-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ

Амь насаа 3 тэрбумаар үнэлж, 30 саяар өөрийгөө даатгуулсан төрийн өмчит "Эрдэнэс алт ресурс"-ын захирал Э.Ууганбаярыг шалгаж эхэлжээ

Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын эрх бүхий албан тушаалтнууд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл тухайн ажилладаг хуулийн этгээдүүд нь алдагдалтай ажиллах нь олонтой.

Тодотговол, 2023 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 43 хувь нь алдагдалтай ажилласан байдаг.

Тиймээс ч төрийн өмчит нэг компанид төрийн хэд хэдэн байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хувааж хэрэгжүүлдэг явдлыг таслан зогсоож, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон аль нэг төрийн захиргааны төв байгууллага, эсхүл төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх, ногдол ашиг хуваарилах зарчмыг тодорхой болгохыг зорьж байгаа гэдгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тодотгож буй. 

Тэгвэл уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудын нэгдэл болох "Эрдэнэс Монгол" компанийн харьяаны байгууллагын захирал амь насаа гурван тэрбумаар үнэлээд, байгууллагынхаа 30 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулсан тохиолдол гарсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир "Эрдэнэс Монгол" компанийн нэг харьяаны байгууллагын захирал амь насаа гурван тэрбумаар үнэлээд, байгууллагынхаа 30 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулсан байна" гэдгийг тодотгосон. Тиймээс ч аль байгууллагын ямар албан тушаалтан ийнхүү төрийн мөнгөөр өөрийнхөө амь насыг 30 саяар даатгуулав гэдэг нь энд анхаарал татав. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэнэс Монгол" компанийн харьяа төрийн өмчит "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн захирал Э.Ууганбаяр нь амь насаа 3 тэрбумаар үнэлж, байгууллагынхаа 30 сая төгрөгөөр өөрийгөө даатгуулсан байна.

Ингэхдээ "Мөнх" даатгал гэх даатгалын компанид даатгуулжээ. Тиймээс ч уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. Бид уг асуудлыг эргэн мэдээлэх болно. 

Ташрамд өгүүлэхэд, "Эрдэнэс алт ресурс" ХХК буюу хуучнаар "Эрдэнэс силвер ресурс" компанийн удирдлагатай холбоотой хэрэг мөн л олны анхаарлыг татаж байсан. Тодруулбал, "Эрдэнэс Силвер Ресурс" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Т.Мөнхбаяр нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий компаниас 2.7 тэрбум төгрөгийн хахууль авч, мөнгө угаасан гэх хэрэгт холбогдож, уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж, түүнд торгуулийн ял оноож байсан юм.