"Шугам" нэвтрүүлгийн 42 дахь дугаарт бид хуульч, өмгөөлөгч Г.Батбаяр агсны охиныг урьж ярилцлаа. Түүнтэй бид өөрийнх нь одоо шалгагдаж байгаа хэргийн талаар болон түүнтэй холбоотой өмнөх хэргүүд, мөн аавынх нь хэрэгтэй холбоотой зарим зүйлсийг асууж ярилцлсан юм.
ВИДЕО:
-"ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙГААГАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭС ХАРААД Л МЭДСЭН"-
-Өчигдөр өөрөө цагдаагийн байгууллага дээр очжээ. Энэ хэрэг явдал ер нь юу болсон юм бэ?
-Өчигдөр дүүгээ тоглуулах гээд явж байхад замын цагдаа зогсоож, шалгаад эрэн сурвалжлагдаж байна гээд аваад явсан. Монголд ирээд миний хувьд өмгөөлөгчтэйгөө л ярьж амжсан. Мөн АН-ын Хүний эрхийн хороотой ярьсан байсан. Өмгөөлөгч маань орон нутагт шүүх хуралтай явсан учраас нэг дэх өдөр цагдаа дээр очих гэж байсан юм.
Очихгүй бол хувийн хэрэг дээрээ эрэн сурвалжлагдаж байгаа гэсэн бичигтэй байхаар ажил хийж болохгүй, визэнд ч орж болохгүй байгаа. Тэгэхээр энэ хэргийг шийдүүлэхээс өөр аргагүй л дээ.
-Таны олон нийтийн сүлжээнд нийтлээд байгаа мэдээллээс харахад таныг шалгаад байгаа энэ асуудал нь магадгүй Г.Батбаяр агсныг холбогдуулад шалгаж байсан хэрэгтэй холбоотой байж болзошгүй юм байна гэж бид хардаад байгаа юм л даа. Тухайлбал таны аав бурхан болохоосоо хэдхэн хоногийн өмнө АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд гомдол гаргаж байсан. Мөн нэр бүхий хуульчтай уулзахдаа "охиноо гадагш нь явуулчихсан байгаа. Учир нь намайг дарамтлах байдлаар охиныг минь шалгаад байж болзошгүй байна" гэж ярьсан гэж нэр бүхий хуульч ярьсан байсан л даа. Та аавынхаа тэр гомдол, мэдээлэлтэй танилцаж байсан уу?
-Кофены хэрэг 2022 оны гуравдугаар сарын 1-нд болсон. Аавтайгаа би ер нь их дотно өссөн л дөө. Тэр үед аав маань намайг тэврээд нүдэнд нь нулимс цийлэгнээд аавд нь цорын ганц сул тал байгаа. Тэр нь зөвхөн чи. Чамаар хүн оролдох юм бол аав нь юу ч хийж чадахгүй болно гэдэг байсан. Тэгэхээр аавыг оролдохын тулд намайг оролдох нь ойлгомжтой байх.
-Кофены асуудал гэдгийг олон нийт нэлээд л мэдэх байх. Тэр хэргийг та улс төрийн нэг явуулга байж магадгүй байх гэж харддаг юм байна тийм үү?
-Тийм. Харддаг.
-Тэр хэргийн шүүхийн асуудал эцэслэгдсэн үү?
-Шийдвэрлэгдчихсэн. Шийдвэрлэгдэж дууссаных нь дараа би Монголоос явсан. Тэгээд өнгөрсөн аравдугаар сард эрэн сурвалжлагдаж байгаа гэдгээ телевизийн мэдээнээс олж мэдээд тухайн үедээ “Энэ хэвлэлүүд худлаа яриад байна” л гэж бодсон. Тухайн үед улсын бүртгэлийн сангаас хайж байгаад эрэн сурвалжлагдаж байгаагаа мэдсэн. Тэгээд яаж байгаа юм бол гэсэн чинь холбогдох ёсгүй хэрэгтэйгээ холбогдчихсон байсан.
-"ААВЫНХАА ХЭРГИЙГ ХУУЛЬ ЁСНЫ ДАГУУ ШАЛГУУЛЖ, ЗААВАЛ ШИЙДҮҮЛНЭ"-
-Та магадгүй тэр хэргийн талаар мэдээлэл өгвөл яах бол?
-Кофены хэргээс хойш энд тэнд явж байхад хүмүүс кофе авч ирж өгөөд “Асгаад өг” гээд их өддөг байсан. Тэр болгонд нь би тэнэг хүн шиг чимээгүй, дуугүй өнгөрөхөөс өөр аргагүй байдаг байсан. Зариг.мн, туг.мн, өрөг.мн гэх сайтууд манлайлж намайг 30 зөрчлийн хэрэгтэй, 30 удаа танхайн хэрэг үйлдсэн юм шиг харагдуулсан. Тэр нь үнэндээ машины торгууль байсан байхгүй юу. Тэгээд баян айлын хүүхэд ядуу айлын хүүхдийг дээрэлхсэн мэтээр мэдээлэл тараасан. Сэтгүүлч нар юмыг яаж харагдуулж, юу хийж байгаагаа маш сайн мэдэж байгаа.
Тэр мэдээлэл цацагдсаны дараа аав маань “Одоо хүмүүс чамайг мөнгөтэй гээд ойлгочихлоо. Одоо мөнгө шантаачилна шүү” гэж хэлж байсан. Хэлж байсных нь дагуу шантаачны хэрэгт орчихсон.
Аавынхаа санааг л зовоохгүй гэж би өөрөө зодуулчихаад уучлалт гуйгаад “Битгий аавд хэлээрэй. Би аавынхаа сэтгэл санааг ахиж зовоомооргүй байна" гэсэн. Аав маань ч энэ талаар мэдээгүй байсан л даа. Хэрэг үүсгэсэн ч гэж мэдээгүй байсан. Энэ охин өөрөө “чи одоо кофены хэрэгт холбогдчихсон юм чинь хэн чамд итгэдэг юм. Телевиз дуудаад л чи дуусна шүү дээ. Аав чинь бүр дуусна” гээд эгч нь манай ээж бид хоёр луу дайрч байсан.
-Таны өчигдөр цагдаагийн байгууллага дээр очсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
-Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд надад асуудал байхгүй. Гэхдээ би Цагдаагийн байгууллага болон прокурорын байгууллагын нэр хүндэд халдмааргүй байна. Тэгэхээр энэ хэргийг шийдвэрлэгдэж дууссаных нв дараагаар энэ тухай ярьсан нь зөв байх гэж бодож байна.
-Энэ асуудалтай холбоотойгоор таныг хуулийн байгууллагаас эрэн сурвалжилж байсан юм байна тийм үү?
-Тийм. Өчигдөр би яллагдагчаар тогтоогдоод дуудагдсан. Тэгээд л мэдсэн. Одоо энэ хэрэгт холбогдоод явахаар би аавынхаа хууль ёсны хохрогчоор татагдаад явах эрч, хүч энергий юу ч байхгүй болж байгаа. Тэгэхээр энэ ямар ч санаа зорилготой байж болзошгүй. Хуулийн дагуу шалгуулаад л явна. Энэ хэрэг бол дөнгөж эхэлж байна л гэж харж байгаа. Б.Ариунзаяаг яллагдагчаар татаад эрэн сурвалжлаад эхэллээ. Б.Ариунзаяа тэгсэн. Б.Ариузаяа ингэсэн. Одоо би ингэж дуудуулж байгаад намайг алчихвал би дахиад амиа хорлосон болоод дуусах юм уу. Би мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хамгаалж яриа өгч байгаа юм. АН-ын Хүний эрхийн хороонд манай аавын гаргасан өргөдөл, гомдол дээр аавыг эрүүдэн шүүлтэд орсон, хэрэг тохоод хүчээр гарын үсэг зуруулах гэж оролдсон, сэтгэл санаанд шаналал зовуурь үүсгэсэн, нотлох баримтыг хүчээр устгасан, эзэнгүй хэрэгт гүтгэхийн тулд бусдын орон байранд хууль бусаар нэгжлэг хийсэн гэсэн байсан. Аавынхаа бичсэн энэ өргөдөл гомдлуудыг хараад би ихэр татаж уйлаад байж байхад аавд хийсэн задлангийн зургийг хараад ямар санагдах вэ. Тийм учраас өөрийгөө хэсэг бэлдье гэж бодоод цагдаа дээр очихоо жаахан азнаж байсан юм.
-"ААВЫНХАА АМИА АЛДСАНЫГ 100 ХУВЬ ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ ГЭЖ БОДДОГ"-
-Та Г.Батбаяр агсныг амиа алдсан хэргийг юу гэж харддаг вэ?
-Гаднын нөлөөтэй. Тэрэнд 100 хувь итгэлтэй байдаг. Хохирогчоор нь татагдахаар би одоо хэргийн материалтай нь танилцана. Гэхдээ би хохирогчоор татагдахаас өмнө нь сэтгэл зүйч дээр явж өөрийгөө бэлдэхгүй бол би чинь өнгөрсөн жил л аавынхаа жаахан охин байсан хүн шүү дээ. Одоо сэтгэл зүйчийн тусламж хэрэгтэй. Аавын маань хэргийн материалыг харсан хүмүүс ирээд хэлсэн л дээ. Ямархуу байр байдалтай байсныг нь, эрүүдэн шүүлтэд орсон шарх сорвитой байсныг нь нүдэнд харагдтал ярьсан. Би өөрөө бодит зураг бүх зүйлтэй нь танилцахад сайн бэлдэнэ. Төсөөлөхөд л хамаг юм салгалаад байдаг. Аав маань миний амьдрах утга учир байсан байхгүй юу.
-Өчигдөр хуулийн байгууллага дээр очиход аав нь амьд сэрүүн байсан бол мэдээж хажууд нь байж л байх байсан байх даа? Тийм үү?
-Тийм. Би одоо Монголыг төлөөлж энэ жил нэг тэмцээнд явах гэж байгаа. Харин энэ мэдээг хэлэх хүн байхгүй гэхээр ямар ч утгагүй. Манай аав нэг их сэтгэл хөдлөлтэй хүн биш ч гэсэн манай ааваас дэлхий ертөнц цацардаг байсан. Одоо хэн ч надад баяр хүргэхгүй.
Гол нь аавынхаа нэрийг муу зүйл дээр зөндөө гаргаж байсан. Одоо сайн зүйл дээр ганц гаргаж үзье. Миний өөрийгөө буруутгах буруутгал бол аймшигтай.
Би аавыг байхад ч маш олон цэгүүдийг холбодог байсан л даа. Түүнээс хэд хэдэн дүгнэлтэнд хүрсэн. Гэхдээ одоо үүнийг телевизээр шууд цацах юм бол миний амь насанд аюултай. Би биш юм гэхэд миний дүү нар аюултай байдалд орно. Би одоо Монголд ирсэн. Алуулбал, алуулаг. Шоронд орвол орог. Ингэж амьдарч байснаас цэвэрлээд л дуусна. Хамгийн гол нь дүү нартаа санаа зовж байна. Намайг саатуулахад би ээжийнхээ машинтай явж байсан. Тэр үед ээжийн машиныг замын цагдаагаас ачна гэж хэлсэн. Тэр үед би гайхаад шууд л ээжийн машин дотроос баримт хайх гэж байгаа юм байна гэж бодсон. Яагаад гэхээр 2023 оны арванхоёрдугаар сард манай гэрт прокурорын зөвшөөрөлгүй цагдаа нар нэгжлэг хийсэн. Тэр үед манай аав надад “Гэрт юм оруулж ирээд тавьчихлаа л даа” гэж хэлсэн. Гэхдээ би улс төрийг мэдэхгүй шүү дээ. Манай аав хэцүү л юм туулж байсан юм байна.
-Танай ар гэрийнхэн одоогоор ямар нөхцөл байдалтай байна?
-Бүр ярих ч хэрэггүй байна лээ. Сая нэг жил гадаадаар яваад сэтгэл зүйгээ эрүүл байлгах гэж үзсэн ч чадаагүй. Тухайн үед аавыгаа алга болсныг мэдээд шууд л ухаан алдаад уначихсан. Ээж болон дүү нар маань ч бүгд хэцүү байгаа. Дүү маань шөнө зүүдлээд, цонхон дээр очоод ааваа гээд л дуудаад байдаг. Үнэхээр хэцүү.
-Урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа.