Гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлснийг цуцлах хуулийн төсөл өргөн барьжээ

Гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлснийг цуцлах хуулийн төсөл өргөн барьжээ

Өнгөрсөн жилийн хавар буюу 2024 оны гуравдугаар сард  Засгийн газар гурилын импортыг гаалийн албан татвараас чөлөөлсөн байдаг. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр уг хуулийг хүчингүй болгох хуулийн төсөл өргөн барьжээ.

Тэрбээр, 2023, 2024 оны өвөлжилт, хаваржилт нэлээд хүнд байж мал аж ахуйн салбарт хүнд нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл, 1 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан. Уг хохирлыг бууруулахын тулд УИХ шийдвэр гаргаж гурилын болон улаанбуудайн малын тэжээлийг татваргүй оруулж үнийн хөөрөгдлийг барих зохицуулалтын арга хэмжээг тухайн үед авсан. Энэ хугацаанд 65 мянга гаруй тонн гурил татваргүй орж ирсэн. Мөн хэмжээний малын тэжээл ОХУ-аас орж ирсэн. Энэ арга хэмжээ нь тухайн үед үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлсэн. Гэсэн ч гадаадаас импортын улаанбуудай, гурил авснаас үүдэж дотоодын үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн. Тухайлбал, улаанбуудайн тариалалт багасч, гурилын үйлдвэрлэл буурсан буюу 3-4 үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон. Мөн дахин 3-4 үйлдвэр үүд хаалгаа хаахад хүрээд байна.

Уг хууль тухайн үедээ үр өгөөжөө өгсөн. Тиймээс улаанбуудай, малын тэжээлээ өмнөх импортын татварын дагуу авах нь зөв гэж үзэж байна.

“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо зайлшгүй үйлдвэрлэх 19 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг зарласан. Энэ хүрээнд дотоодын үйлдвэрүүд сэргэж байгаа. Тиймээс улаанбуудайгаа дотооддоо үйлдвэрлэх нь зүйтэй. Ингэхийн тулд дотоодын үйлдвэрүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх, үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө сайжруулах зэрэг асуудалд анхаарах хэрэгтэй" гэв. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэж, хаврын тариалалтын өмнө шийдэх аж.