ШУУРХАЙ: Сонгуулийн үеэр Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг хөнөөсөн МАН-ын ухуулагч П.Отгонбаатарт 15 жилийн ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ

ШУУРХАЙ: Сонгуулийн үеэр Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийг хөнөөсөн МАН-ын ухуулагч П.Отгонбаатарт 15 жилийн ялыг чанга дэглэмтэй ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ

УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны /2024.06.15/ өдөр гарч, олон хүнийг цочирдуулсан билээ.

Улмаар П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал өчигдөр буюу нэгдүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. 

Шүүхээс П.Отгонбаатарыг бусдын амь насыг хөнөөсөн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргалаа. 

Ташрамд өгүүлэхэд,  тухайн хэрэгт нэр дэвшигч асан Г.Сайханбаяр нь гэмт хэргийн оролцогч биш болох нь тогтоогдсон байдаг бол хохирогч Б.Батмөнхийн ар гэрт АН-аас дэмжлэг үзүүлж байсан юм.