Нийслэлийн прокурорын газраас Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын даргаар ажиллаж байсан Ц.Ганхүүд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан билээ.
Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсв зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандаад байсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх энэ сарын 23-ны өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Ц.Ганхүү нь эрх мэдлээ ашиглан аж ахуйн нэгжийг “шантаажилж” хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, ГЗБГЗЗГ-аас 2020 оны гуравдугаар сард “Орон зайн мэдээллийг бүрдүүлэгч байгууллагуудын санг геопорталаар дамжуулан цахимжуулах, хэрэглээнд нэвтрүүлэх” зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан байна. Тус 2.6 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй эл тендерт “Ютилити солюшн” ХХК шалгарсан аж. Гэтэл Ц.Ганхүү нь ГЗБГЗЗГ-ын даргаар ажиллаж байхдаа тус компанийн эрх бүхий албан тушаалтан С.Амарсанаагаас 70 гаруй сая төгрөг төлөхийг шаардан, эд материал, бараа бүтээгдэхүүний үнийг төлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон байдаг юм.