Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсаныг сүүлчийн замд нь үдэж, салах ёс гүйцэтгэж байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат таалал төгссөнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон даяар гашуудал зарлах зарлиг гаргасан. Зарлигийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгах юм.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай өнөөдөр 12 цагт орон даяар төрийн бүх албан хаагчид эмгэнэл илэрхийлж 1 минут зогсож хүндэтгэл үзүүлэх юм байна.