Ю.Цэдэнбал агсны бага хүү, ОХУ-ын иргэн Ц.Зориг монголд ирж, дахин байр авахаар нэхэж эхлэв. Дахин гэсний учир нь тэрбээр өмнө нь монголд нэг бус удаа ирж, байр авч байсан бөгөөд бүгдийг нь зарчихаад Орос руугаа буцсан гэх. Гэтэл энэ удаа аавынхаа амьдарч байсан байр буюу төрийн тусгай хамгаалалттай барилга бүхий “Ерөнхийлөгчийн ордон өргөө”-г өгөхийг шаардаж эхэллээ.
ВИДЕО:
-"ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОРДОН ӨРГӨӨ"-Г АНХ МАРШАЛ Х.ЧОЙБАЛСАН БАРИУЛЖ БАЙСАН БӨГӨӨД "ЭНД МОНГОЛЫН ҮЕ ҮЕИЙН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД АМЬДАРНА" ГЭЖ ХЭЛЖ БАЙЖЭЭ-
Тэрбээр энэ талаараа нэгдүгээр сарын 20-ны өдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр, “Увс аймгийн Улаангом хотод миний аавын музей бий. Аав маань зөвхөн Увс аймгийн иргэдийн төлөө биш Монголын ард түмний төлөө, Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байсан учраас Улаанбаатар хотод бас нэг музей байгуулах нь зүйтэй гэж бид үзэж байна. Хэрвээ боломжтой бол миний хүслээр, энэ музей нь аавын маань Монгол Улсыг удирдаж, ажиллаж байх үедээ амьдарч байсан тэр байшинд байрладаг байх нь их зүйтэй гэж бодож байна. Энэ талаар бид Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал хүргүүлсэн. Тус бичигт манай сангийн үүсгэн байгуулагчид болон эрдэмтэд гарын үсгээ зурсан байгаа” гэжээ.
“Ерөнхийлөгчийн ордон өргөө”-г анх Маршал Х.Чойбалсан бариулсан бөгөөд 1947 оны 12 дугаар сарын 8-нд ашиглалтад оруулсан байдаг.
1952 онд Х.Чойбалсанг нас барсны дараа 1953 оноос “Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын ордон музей” болгосон. Барилгын нээлтийн ёслолын үеэр Х.Чойбалсан агсан хэлсэн үгэндээ “Би зориглож өөртөө нэг барилга бариуллаа. Намайг шүүмжилбэл шүүмжлэг. Энэ байр Х.Чойбалсангийн өмч бус, Монгол Улсын өмч. Надаас хойш төрийн тэргүүн нар амьдрах болно” гэсэн талаар түүхийн эх сурвалжуудад дурджээ.
Түүнээс хойш Ю.Цэдэнбал нарын үе үеийн Монгол төрийн тэргүүн, ерөнхийлөгч нар ажиллаж амьдарч байсан юм. Харин хамгийн сүүлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга амьдарч байсан билээ. Одоогийн байдлаар энэхүү барилгад ямар үйл ажиллагаа явуулж буй нь тодорхой бус байгаа ч төрийн тусгай хамгаалалт бүхий монгол төрийн өмч юм. Гэтэл Ю.Цэдэнбал агсны бага хүү, ОХУ-ын иргэн Ц.Зориг энэ байрыг авч ашиглах хүсэлтэй байна гэж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бичиг хүргүүлжээ.
-Ц.ЗОРИГ ӨМНӨ НЬ НЭГ БУС УДАА БАЙР АВААД ТҮҮНИЙГЭЭ ЗАРЧИХДАГ БАЙСАН ГЭХ-
Мөн тэрбээр, “Эцгийн маань хууль ёсны, албан ёсны өмчийг өмчлөх эрхтэй хүн бол би. Тийм учраас хуулийн байгууллагуудад, түүнийг удирдаж байгаа хүмүүсийн сонорт хүргэхэд, хууль бусаар хураагдсан хувийн эд хөрөнгө одоо албан ёсоор надад шилжүүлэгдэх ёстой. Тиймээс би Монгол Улсын хууль хамгийн түрүүнд хэрэгжиж, энэ үйл явдал хуулийн дагуу хийгдээсэй гэж шаардаж байна. Энэ түүний хувийн өмч, хувийн эд хэрэглэлүүд нь бүгд албан ёсоор надад шилжиж, миний шийдвэрээр ямар арга хэмжээг авах нь зөвхөн миний эрх. Хэрвээ түүний эд хөрөнгө, бүх зүйл анх хураагдсан үеэрээ ирвэл, магадгүй би одоо Монголын хамгийн баян хүмүүсийн эгнээнд орох байх. Гэвч би зөвхөн хувийн эзэмшилдээ авахыг хүсэхгүй байна. Миний аавын эд хөрөнгө нь Монгол Улсын түүхийн нэг хэсэг гэж би ойлгодог. Тиймээс би аавын эдэлж байсан хөрөнгүүдийг Монголын ард түмний өмч байх ёстой гэж үздэг” гэжээ.
Тэрбээр өмнө нь ч энэ мэтээр байр авч, зарж байв. Тодруулбал түүнд анх 2000 онд тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч М.Энхболд 4 өрөө байр өгч байсан бөгөөд дараа нь буюу 2016 онд Ю.Цэдэнбал агсны 100 насны ойгоор Монголын төрөөс 15 сая төгрөг ар гэрт нь олгож, Монгол Улсын иргэний баримт бичгийг гардуулжээ. Мөн Ц.Элбэгдорж eрөнхийлөгч байхдаа ач охин Анастасияад нь 3 өрөө байр өгч байв. Энэ мэтээр хэдэн жил болоод л ирж байр аваад буцаагаад зарчихдаг Ц.Зориг гэх хүн аавынхаа музейг байгуулна гэх нэрийдлээр Төрийн төсгай хамгаалалт бүхий “Ерөнхийлөгчийн ордон өргөө”-г авахаар санаархах боллоо.