Х.Нямбаатарын хэлсэнчлэн "Дүнжингарав"-ын ослын хэрэгт "Дашваанжил"-ын захирал, жолоочийг яллаж, албан тушаалтнууд хариуцлагаас сугарч үлдэв

Х.Нямбаатарын хэлсэнчлэн "Дүнжингарав"-ын ослын хэрэгт "Дашваанжил"-ын захирал, жолоочийг яллаж, албан тушаалтнууд хариуцлагаас сугарч үлдэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын автомашин дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарснаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрлөө. 

Ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүн хүнд, хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэтэл эл хэрэгт хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Харин хохирсон иргэд бие сэтгэл, эд хөрөнгөөрөө хохирсоор бүтэн нэг жилийн хугацааг үдэв.  

-ДОЛООН ХҮНИЙ АМИЙГ АВЧ ОДСОН ОСЛЫН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН ХҮМҮҮСТ ТАВ ХҮРТЭЛ ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ-

Осол гарсны дараа Хотын дарга Х.Нямбаатар "Дүнжингаравын ослын хохирлыг "Дашваанжил" төлөх ёстой гэдгийг хэлж байсан. Тэгвэл түүний хэлсэнчлэн Дүнжингаравын ослын хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн  жолооч Ч.Ренцэндорж нарыг яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Тэднийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар ялласан байна. 

Ослын дараа олон нийт хотын стандарт норм дүрмийг шаардаж, замын халтиргаа гулгаа нь осол гарахад нөлөөлсөн үү, үүнд хэн нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой хэмээн байр сууриа илэрхийлж байсан ч уг асуудал тэгсхийгээд намжсан. Энэ нь магадгүй олон хүнд зол болсон нь дамжиггүй. Нөгөөтээгүүр олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө үрэгдсэн эл осол монголчуудад сургамж, сэрэмж боллоо гэж байсан ч чухам юу өөрчлөгдөв гэдэг асуулт мөн л хариултгүй энд хүрэв.  

-ГАЛД ӨРТСӨН 207 ДУГААР БАЙРЫГ 2.4 ТЭРБУМААР НУРААХ ТЕНДЕРИЙГ ӨНӨӨДӨР НЭЭНЭ-

Бидэнд олдсон мэдээллээр ослын улмаас амиа алдсан Онцгой байдлын алба хаагчдын ар гэрт тус албанаас орон сууцны дэмжлэг үзүүлсэн гэх мэдээлэл байна. Харин төр засгийн зүгээс амиа алдсан 7 иргэний ар гэрт болон ослын улмаас гарсан галд өртсөн иргэдийн эмчилгээ зэрэгт 10,10 сая төгрөг өгсөн гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлдэг. Харин гэр орон нь галд өртөж, орох оронгүй болсон иргэдийн байрны түрээсний мөнгийг л шилжүүлснээс өөр хохирол барагдуулсан зүйлгүй гэдгийг хохирсон иргэд тодотгож буй. 

Ослын улмаас галд өртсөн 207 дугаар байрыг буулгаж, дахин барих шийдвэрийг гаргасан. Хотын дарга Х.Нямбаатар сонгуулийн өмнө  "Тус барилгыг нураах ажлыг яаралтай эхлүүлнэ" гэдгийг мэдэгдэж байв. Гэвч өнөөг хүртэл уг ажил эхлээгүй, барилгыг цаашид хэрхэн барьж босгох нь тодорхойгүй байгаа. Энэ талаар галд өртсөн 207 дугаар байрны оршин суугч Г.Дүүрэнжаргал манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр тодотгож байсан юм. Тэрбээр "Манай байрыг нураах талаар ярихаас босгох талаар хэн ч, юу ч ярихгүй байгаа нь айдас төрүүлж байна" хэмээж байв. Тэгвэл галд өртсөн 207 дугаар байрыг 2.4 тэрбумаар нураах тендерийг Нийслэлээс зарласан бөгөөд өнөөдөр /2025.01.24/нээхээр болжээ.