БНСУ өнгөрсөн сард болсон онгоцны осолтой холбогдуулан нисэх зурвасуудын ойролцоох бетон ханыг нураахаар болжээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын Муан олон улсын нисэх онгоцны буудалд гарсан онгоцны осолтой холбогдуулан тус улсын 9 нисэх онгоцны буудлын хөөрч, газардах нислэгийн зам талбайн ойр орчим дахь бетон хана, хаалтуудыг бүгдийг нь нурааж, өөрчлөхөөр болжээ.
Улмаар, бетонон хана, хаалтыг нурааж, хөнгөн зөөлөн материалаар “амархан эвдрэх боломжтой” байдлаар хийж бүтээхээр болсноос гадна мөн үзлэг шалгалтаар 7 нисэх онгоцны буудлын нислэгийн зам талбайн илүү гарсан аюулгүй байдлын бүс заагдсан 240 метрээс богино байсныг олж тогтоож, шийдвэрлэхээр болсон байна.
Эргэн сануулахад, Жэжү Эйр компанийн Boeing B737-800 онгоц Муан олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийх үедээ нислэгийн талбайн төгсгөлд байсан бетон хаалтыг мөргөн дэлбэрч, шатсаны улмаас 179 хүн амиа алдсан билээ. Амиа алдсан хүмүүс 3-78 насны хооронд байсан бөгөөд ихэнх нь 40-60 настай байжээ. Ердөө хоёр хүн амьд үлдсэн нь онгоцны багийн гишүүд байсан юм.
Ослын шалтгаан өнөөдрийг хүртэл бүрэн тодорхой болоогүй, эксперт мэргэжилтнүүдийн мөрдлөг шалгалт, дүн шинжилгээ үргэлжилсээр байгаа ч мэргэжилтнүүдийн хэлснээр хэрвээ тэрхүү бетон ханыг мөргөөгүй бол хохирлын хэмжээ харьцангуй бага байх байсан гэж үзжээ.