Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн Хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийг энэ сарын 20-ны өдөр /2025.01.20/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх хэлэлцэж, түүнд 2.6 жилийн хорих ял оноосон билээ.
Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор эрүүл мэндийн салбарынхан болоод иргэд, улстөрчид цахим сүлжээнд байр сууриа илэрхийлсээр байна.
Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү “Хүний амь аврахаар үүргээ биелүүлсэн эмч хүнд 2.7 жилийн ял өгч байгаа нь шударга бус явдал, эмгэнэлт үзэгдэл. Шударга бустай тэмцэж, нэгнээ өмгөөлж чадах эсэхээс бидний цаашдын ирээдүй шийдэгдэнэ. Энэ үзэгдэл хэвшил болж, цаашид арчаагүйгээрээ дуудагдаж, гомдоллосоор амьдрах эсэх нь харин та бүхний сонголтын асуудал. Эмч хүний нэр төрийн хэрэг. Одоо нэгдэхгүй бол хэзээ нэгдэх вэ” хэмээн цахим хуудсандаа нийтэлсэн байна.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Цогцос /талийгч/-т хүндэтгэлтэй хандах нь хүний эрхийн асуудал юм. Энэ нь тухайн нас барсан хүний дигнити болон үлдэж буй ар гэрийнхэнтэй холбоотой хүний эрхийн асуудал байдаг. Гэрээслэл, эсхүл ар гэр нь зөвшөөрөөгүй бол хичнээн хүний амь аврах байсан ч хүний эд эрхтэнг ашиглаж болохгүй. Донорын хууль тогтоомжийг илүү боловсронгуй болгох зүй ёсны шаардлага байна аа. Гэхдээ газарт шингээд дуусах юм чинь ашиглахад яадаг юм гээд “зэрлэг, бүдүүлэг, хүмүүнлэг бус” зүйл бичээд байгаа хүмүүс хүний дигнити, ар гэрийн хүмүүсийн өнцгөөс бас анхаарч үзээсэй" гэх байр суурийг илэрхийлжээ.