Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 2025 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр 83 насандаа өвчний учир таалал төгсч, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиогоод буй.
Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 07.00 цагаас 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар Төрийн далбааг 45 хэмээр бөхийлгөх буюу Төрийн далбааны ишний гуравны хоёрт хүртэл буулгах зарлиг гаргаад байгаа юм.
Учир нь маргааш /2025.01.24/ П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Төрийн ордонд болно. Тэгвэл энэхүү салах ёс гүйцэтгэх арга хэмжээтэй холбогдуулж тодорхой цагуудад Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг түр зогсоох арга хэмжээ авах ажээ. Тодруулбал, маргааш өглөөний 06:40-07:20 цагийн хооронд 3 дугаар эмнэлэгээс Төрийн ордон хүртэл явах цувааны үеэр авто замын хөдөлгөөнийг түр зуур 20-40 минутын хугацаанд дараах байдлаар хаах ажээ.