БНСУ-д марихуан үйлдвэрлэн зарж байсан монгол оюутанд 3 жил 6 сарын хорих ял, 14 сая воны торгуулийн ял оноолоо

БНСУ-д марихуан үйлдвэрлэн зарж байсан монгол оюутанд 3 жил 6 сарын хорих ял, 14 сая воны торгуулийн ял оноолоо

БНСУ-д синтетик марихуан хийж зарж байсан гэх монгол оюутанд 3 жил 6 сарын хорих ял, 14 сая воны торгуулийн ял оноожээ.

Тодруулбал, Өмнөд Солонгосын Дэгү дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд (Ерөнхий шүүгч Жонг Гил Ли) арваннэгдүгээр сарын 20-ны өдөр монгол оюутан А-д (20 настай) “Хүнд гэмт хэргийн тухай хууль”-ийг зөрчсөн гэх хэргээр 3 жил 6 сарын хорих ял, 14 сая воны торгуулийн ял оногдуулсан тухай мэдээлжээ. Монгол оюутан А гэгч этгээдийг өнгөрсөн он буюу 2024 оны аравдугаар сард Өмнөд Солонгосын Кёнсанбүг мужийн Кёнсан-си дэх гэрийнхээ угаалгын өрөөнд нийлэг марихуан шингэнтэй шингэн тамхи хольж, 21.5 сая воны үнэ бүхий нийлэг марихуан навчин тамхи хийж, улмаар гурван удаа нууцаар зарсан хэрэгт буруутгагдаж байсан аж. 

Улмаар уг хэрэгт БНСУ-ын Шүүхээс 3 жил 6 сарын ял оноох болсон шалтгаанаа тайлбарлахдаа, “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж буйгаа илэрхийлсэн. Мөн нэмэлт эмийн сан, худалдааны хөлөг онгоцны талаар мэдээлэл өгч мөрдөн байцаалтад идэвхтэй хамтран ажилласан зэргийг харгалзан үзсэн" гэжээ.

Тэгвэл БНСУ-д суралцаж, ажил эрхэлж буй монгол иргэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэмэгдсэн байна.

Тодруулбал, 2023 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын иргэн З нь Малайз улсаас хар тамхины төрөл болох  “JWH-018” төстэй сэтгэцэд нөлөөт бодисыг БНСУ-д хүлээн авах зорилгоор олон улсын тусгай буухиа шуудангаар илгээн, хүлээн авсан хэрэг илчлэгдэж байв. Мөн 2023 оны зургаадугаар сард Монгол Улсын иргэн А нь Вьетнам улсын иргэнтэй хамсаж, тус улсаас олон улсын тусгай буухиа шууданг ашиглан “JWH-018” төстэй сэтгэцэд нөлөөт бодисыг БНСУ-руу илгээж, хүлээн авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. 2023 оны долдугаар сард мөн л Монгол Улсын иргэн М Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын боомтоор “JWH-018” төстэй сэтгэцэд нөлөөт бодисыг Бразил улс руу тээвэрлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, тус улсын цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан юм.

Сонирхуулахад, БНСУ-ын Хууль зүйн яамнаас энэ төрлийн гэмт хэрэгт хатуу бодлого баримталж хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, худалдан борлуулсан, бага насны хүүхдэд худалдсан, хэрэглэсэн хэмжээ, төрөл, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үү зэргийг харгалзан  зургаан сараас насаар нь хорих ялаар шийтгэж буй аж.

Улмаар БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийн дунд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарч буйтай холбогдуулан цахимаар орц найрлага нь баталгаагүй сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис худалдах, худалдан авахгүй байх, марихуаны орц найрлага болох CBD (каннабидиол) агуулсан бүтээгдэхүүнийг зөөвөрлөж, тээвэрлэхгүй байх, нэн ялангуяа Зүүн өмнөд азийн орнуудаас ирж буй хаяг нь тодорхой бус ачаа, тээшийг өөрийн нэр дээр хүлээж авахаас татгалзах хэрэгтэй талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлж байв.