Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.22/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдоод байсан билээ.
Тэгвэл тус хэргийг шүүх хурал дахин хойшилсон байна. Учир нь шүүгдэгч Ч.Ганхуяг нь нэмж өмгөөлөгч авна гэх хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг харгалзан үзэж, шүүх хурлыг хойшлуулсан байна. Шүүгдэгч Ч.Ганхуяг нь өмнөх шүүх хурлуудад ч өөрийн биеэр оролцоогүй, "Гадаадад байгаа" гэх шалтгаанаар ирээгүй байна.
Хэргийн талаар эргэн сануулахад, "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг, түүний дүү Б.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм.