Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд, Элчин сайд Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгааг онцлоод хууль зүйн салбарын алба хаагчдыг англи хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй сургах боломжийн талаар мэдэгдсэн.
Түүнчлэн Энэтхэг мэргэжилтнүүд Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тосны боловсруулах үйлдвэрт ажиллаж байгааг дуулгаад, тэдний визийн асуудалд анхаарч өгөхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хүсэв. Улмаар талууд салбар дахь цаашдын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцлоо. Уулзалтад ХЗДХЯ-ны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хоёрдугаар нарийн бичгийн дарга бөгөөд Тамгын газрын дарга Санжев Кумар нарын төлөөлөгчид байлцлаа.