Давосын эдийн засгийн чуулган "Хиймэл оюуны эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор зохион байгуулагдаж байна

Давосын эдийн засгийн чуулган "Хиймэл оюуны эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор зохион байгуулагдаж байна

Дэлхийн улс орнуудын удирдагчид чуулдаг Давосын форум өчигдөр /2025.01.20/ Швейцарт эхэллээ. Энэ удаагийн уулзалтад орон орны дээд түвшний 50 албан тушаалтан, нийгмийн бүх давхаргыг төлөөлсөн 2500 орчим хүн оролцож байна.

Энэ удаагийн форум “Хиймэл оюуны эрин үеийн хамтын ажиллагаа” уриан дор явагдаж буй бөгөөд хиймэл оюун ухаан хурдтай дэлгэрч хүн бүрийн аж амьдралд өөрчлөлт авчирч буй энэ цаг үед түүний сөрөг үр дагавраас сэргийлэхийн зэрэгцээ технологийн дэвшлийг ашиглан хүн төрөлхтний нийтлэг асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх зорилготой ажээ.

-ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ДАВОСЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ, ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-

Давосын форумд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд Т.Доржханд оролцож байгаа бөгөөд форум баасан гараг хүртэл үргэлжлэх юм байна.  Шадар сайд Т.Доржханд эдийн засгийн чуулганы үеэр “Эрчим хүч, түүхий эдийн геоэкономик”, “Бохирдлыг шийдвэрлэх технологийн шийдэл” зэрэг хуралдаанд оролцож байгаа юм байна. Түүнчлэн дэлхийн эдийн засгийн форумтай байгуулах “Стратегийн оюун ухааны платформ” төслийн хамтын ажиллагааны гэрээ, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай байгуулах “Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх, уур амьсгалын зорилтыг дээшлүүлэхэд хамтран ажиллах” санамж бичиг зэрэгт гарын үсэг зурж, ажил хэргийн уулзалтууд хийнэ.

Монгол Улс энэ удаагийн чуулганы үеэр улс орноо сурталчлан таниулах зорилготой “Mongolia house”-г анх удаа ажиллуулж, хоёр болон олон талт уулзалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Чуулганд оролцож буй 200 гаруй орноос арав гаруй улс ийм хаус ажиллуулж байна.