ШУУРХАЙ: "Дүнжингарав"-ын ослын хэрэгт яллагдагчаар татагдсан "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ

ШУУРХАЙ: "Дүнжингарав"-ын ослын хэрэгт яллагдагчаар татагдсан "Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний /2024.01.24/ өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд газ тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч, их хэмжээний хохирол учирсан билээ. Гэсэн ч уг ослын хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулаагүй бүтэн нэг жил болов. Тэгвэл тухайн ослын хэрэг ямар шатандаа яваа талаар албаны эх сурвалжуудаас тодрууллаа. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Дүнжингаравын осол"-д яллагдагчаар татагдсан "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав болон тус компанийн  жолооч Ч.Ренцэндорж нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Ташрамд өгүүлэхэд, тухайн өдөр гарсан ослын улмаас гал гарч, Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. 




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө