Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Кувейт Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт энэ сарын 19-нд Эль-Кувейт хотноо гарын үсэг зурлаа.
Агаарын харилцааны хэлэлцээр байгуулснаар Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэж байна.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх агаад Монгол Улсын хувьд цаашид Европын орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах, мөн зорчигч урсгалыг нэмэх, аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хооронд худалдаа, эдийн засгийн эргэлтийг ихэсгэх, тэр дундаа Монгол Улсаас Кувейт Улс руу хийж буй махны экспортын логистикийг хөнгөвчлөх, экспортыг тогтмол болгох эдийн засгийн ач холбогдолтой юм.
Хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейт Улсын Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах нар албан ёсны хоёр талын уулзалт хийлээ. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Зам, тээврийн салбар эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёл боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үндэс, суурь болдгийг тэмдэглэж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхлэх сонирхолтой байгаагаа тодотгосон байна.
Иргэний нисэхийн Ерөнхийлөгч Шейх Хумоуд Мубарак Аль-Жабер Аль-Сабах хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Кувейт Эйрвэйс, Аль-Жазийра агаарын тээврийн компанитай энэ асуудлаар шуурхай уулзаж, ойрын хугацаанд боломжийг судалж, хариу мэдэгдэхээр болжээ. Мөн хоёр улсын бүх төрлийн паспорт эзэмшигчдийг харилцан визийн шаардлагаас чөлөөлөх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулах талаар Кувейтийн талын холбогдох байгууллагатай холбоотой ажиллаж байгааг ИНЕГ мэдээлэв.