УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2025.01.20/ хэлэлцэнэ.
Тодруулбал, "Нийслэлийн прокурорын газраас Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд хянан хэлэлцээд
- шүүгдэгч Б.Энх-Амгаланг “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ялаар,
- шүүгдэгч З.Энхболдыг шүүгдэгч Б.Энх-Амгалангийн “Улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/ зааснаар түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан байдаг.
Харин тус хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх өнгөрсөн есдүгээр сард хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.