Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцаг болон Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбат нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр болж, тэдэнд торгох ял оноосон билээ.
Тодруулбал, Ж.Пунцагт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 12 сая төгрөгийн торгох ял, харин З.Үнэнбат нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасаж, 4 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулсан байдаг. Харин цахим сүлжээнд иргэд "авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн Ж.Пунцагт нарт хорих ял оногдуулахгүй, торгох ял оноосон нь нэр бүхий улстөрч, албан тушаалтнуудтай холбоотой юу гэхчлэнгээр байр сууриа илэрхийлж байв.
Тэгвэл Ж.Пунцаг нар нь анхан шатны шүүхээс торгох ял оноосныг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байгаа аж.
Одоогоор тус гомдлыг хэлэлцэх хурал товлогдоогүй байгаа юм байна. Ямартай ч авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, цагдан хоригдон шалгагдаж байсан Ж.Пунцаг анхан шатны шүүхээс оноосон торгох ялыг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна.
Хэргийн талаар эргэн сануулахад “Улаанбаатар төмөр зам”-ын Дотоод аудитын албаны орлогч даргаар ажиллаж байсан Ж.Пунцагийг Зүүнхараагийн вагон засварын депод инженерээр ажиллаж байсан З.Үнэнбатаас удаа дараагийн гүйлгээгээр 7.9 сая төгрөгийн хахууль авсан, өөрт хамаарал бүхий 13.1 сая төгрөгийн өр төлбөрийг 2021 оны есдүгээр сараас 2022 оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд түүгээр төлүүлж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгасан гэдэг.
Харин З.Үнэнбат нь албан тушаалаа урвуулж деподоо бараа, материал нийлүүлж өөртөө давуу байдал бий болгосон үйлдлээ нуун дарагдуулахын тулд Ж.Пунцагт хахууль өгсөн байж болзошгүй гэгддэг аж. Тиймээс ч тус хэргийг АТГ-аас мөрдөн шалгаж, улмаар өнгөрсөн 2023 онд хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байдаг. Улмаар тус хэргийг өнгөрсөн оны аравдугаар сарын 28-ны өдөр шүүх хэлэлцэж, дээрх нэр бүхий хүмүүст торгох ял оноосон юм.
Ташрамд өгүүлэхэд, Ж.Пунцаг нь өмнө нь ч удаа дараа гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, шүүхээс ял шийтгэгдэж байсан бөгөөд энэ талаарх мэдээлэл нь ч цахим сүлжээнд бичигдэн үлджээ.