МИАТ ТӨХК-аас мэдэгдэл гаргажэ. Уг мэдэгдэлд,
"Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь Олон улсын агаарын тээврийн холбоо / IATA/-ны гишүүн бөгөөд тус холбоо болон Европын холбооны нисэхийн аюулгүй байдлын агентлаг /EASA/ , АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа /FAA/ -ны гэрчилгээжилтийн шаардлагын дагуу агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг. Тухайлбал агаарын хөлөг бүр A, C, D ангиллын үйлчилгээнд орж, нислэг үйлдэх эрхээ авдаг.
МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагаандаа ашиглаж буй BOEING 787-9 Dreamliner агаарын хөлөг нь 2019 оны 7-р сард үйлдвэрлэгдсэн бөгөөд АНУ-ын “General Electric” компанийн “GenX” хөдөлгүүртэй. Энэхүү хөдөлгүүр нь дунджаар 2500 хөөрөлт, буулт үйлдсэний дараа хуваарьт засварт ордог. МИАТ компани 787-9 төрлийн 2 агаарын хөлөгтэй бөгөөд нэг агаарын хөлөгт уг хуваарьт засвар хийгдсэн, харин хоёр дахь агаарын хөлөг маань 2025 оны 1-р сарын 16-ны өдөр нийт 2581 удаагийн хөөрөлт үйлдэж, 9725 цаг явсанаар үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу энэхүү хуваарьт техник үйлчилгээнд орж байгаа болно.
Тиймээс нэр бүхий хүмүүс үнэн бодитой мэдээлэлд тулгуурлалгүйгээр цахим орчинд нисэхийн аюулгүй ажиллагаа, төлөвлөгөөт техник үйлчилгээний ажлыг мушгин гуйвуулж, компанийн бизнесийн нэр хүндэд халдаж байгаа нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үндэсний агаарын тээвэрлэгч компанийн нэр хүндийг дотоод болон гадаадад унагах эрсдэлтэйн дээр хамт олны хүчин зүтгэлийг үл хүндэтгэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд цаашид олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээхийг хүсье!" гэжээ.