БНСУ-ын Кёнги мужийн Бүчон хотын “Сэжүн” эмнэлэг зүрхний төрөлхийн гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ.
Тодруулбал, "Сэжүн" эмнэлэг энэ сарын 14-ний өдөр Монгол улсын А (10 сартай), В (4 настай), С (8 сартай) зүрхний төрөлхийн гажигтай гурван хүүхдэд хагалгааг амжилттай хийж дуусгасан байна. Зүрхний хагалгаанд орохоос өмнө амьсгалын замын вирусын халдвар, стоматит гэх мэт өвчний улмаас биеийн байдал тааруу байсан хүүхдүүд бүгд зүрхний мэс засал амжилттай хийлгэж эмнэлгээс гарч саяхан эх орондоо эсэн мэнд ирсэн байна.
Энэхүү хагалгаанд “Сэжүн” эмнэлгийн эмч Юнён Чой болон захирал Жэхон Лим нар ажиллажээ. Мөн эмнэлгийн зардал, оршин суух зардал зэрэг тусламж үзүүлсэн аж. Бүчон Сэжон эмнэлгийн захирал Ли Мён Мүк хэлэхдээ, "Зүрхний төрөлхийн ихэнх эмгэгийг цаг тухайд нь эмчилж чадвал хурдан эдгэрч, эмчилгээ хийлгэсний дараа ч хэвийн амьдралаар амьдрах боломжтой. Цаг алдалгүй эмчлүүлэхэд тусалсан олон хүмүүст баярлаж байна. Хүүхдүүд нь эрүүл саруул, зоригтой байгаасай гэж хүсэж байна" гэжээ.