Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан үндэсний соёл, урлагийн гайхамшигт өвийг дэлгэн харуулах “Монголын сайхан орон” тоглолт Туркийн Истанбул хотноо зохион байгуулагдлаа.
Тус тоглолтод морин хуурын найрал, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж, тал нутгийн нүүдэлчдийн соёлын өв, урлагийн уран сайхны гайхамшгийг евроазийн эх газрын ард түмэнд сурталчиллаа. Энэ үеэр БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чамтай уулзаж, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх, “Монгол хаан” жүжгийг Туркт толилуулах боломжийн талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэлүүдийг хэлэлцлээ.
Мөн “Монголын сайхан орон” тоглолтод хүрэлцэн ирсэн Турк улсад сурч, хөдөлмөрлөж буй монголчууддаа болон соёлын өвийг түгээн дэлгэрүүлж, хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулж буй нийт уран бүтээлчдэдээ талархал илэрхийлье.