Т.Мянганбаяр: Солонгосын алдартай жүжигчин И Жүн Ги, Шин Сэ Гён нартай хамт тоглосон олон ангит УСК маань удахгүй дэлгэцээр гарна /ВИДЕО/

Т.Мянганбаяр: Солонгосын алдартай жүжигчин И Жүн Ги, Шин Сэ Гён нартай хамт тоглосон олон ангит УСК маань удахгүй дэлгэцээр гарна /ВИДЕО/

БНСУ-ын кино урлагийн салбар дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, Оскарын наадмаас томоохон шагналууд хүртэх болсон. Энэ ч утгаараа монгол залуус тус улсын кино урлагийн салбарыг ихээхэн сонирхож, туршлага хуримтлуулах ихээхэн сонирхолтой болоод буй. Мөн монгол залуус тус улсын кино уран бүтээлд туслах дүр, арын алба, орлон тоглогч зэрэг дүрийг бүтээх болжээ. Иймд бид энэ удаагийн “social ID” буландаа БНСУ-ын алдартай цувралуудын нэг болох “Arthdal Chronicles” киноны арын албанд ажиллаж, олны дүр, туслах дүр бүтээсэн Т.Мянганбаяртай ярилцлаа.

Түүний хувьд 2023 онд зураг авалтаа хийсэн “Arthdal Chronicles” буюу “Артдалын он цагийн тоолол” кинонд туслах дүр бүтээжээ. Уг кинонд Солонгосын “А” зэрэглэлийн алдартай жүжигчид болох Чан Дун Гон, И Жүн Ги, Шин Сэ Гён, Ким Уг Бин зэрэг жүжигчид гол дүрийг бүтээсэн юм. Т.Мянганбаярын хувьд энэхүү кинонд туслах дүр бүтээж, зурагтаар л хардаг байсан жүжигчдээ хажуугаас нь харахад үнэхээр сонирхолтой байсан талаар болон мэргэжлийнхээ хувьд асар их туршлага хуримтлуулж авсандаа баяртай байгаа талаараа бидэнд ярьсан юм.

ВИДЕО:

-"БНСУ-Д НАЙРУУЛАГЧ, ЖҮЖИГЧНИЙ МЭРГЭЖЛЭЭР СУРЧ, ТӨГССӨН"-

-Өөрийн тань хувьд хаана ямар сургууль төгссөн бэ. Юун түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний хувьд Өмнөд Солонгост кино найруулагч, жүжигчний мэргэжлээр өнгөрсөн 2024 онд их сургуулиа төгсөөд, одоо хоёр сард домломоо авах гээд хүлээж байгаа, Монголдоо чадварлаг болосвон хүчин болохоор зорьж буй олон залуусын нэг байна.

-Анх Солонгост хэзээ очиж байв?

-Би анх 2018 оны есдүгээр сард жүжигчин болох зорилгоор Өмнөд Солонгост ирсэн. Тухайн үедээ хичээлийнхээ хажуугаар ажил хийхээр шийдсэн. Миний сурдаг сургууль хөдөө байсан учраас ихэнхдээ газар тариалан ногооны ажил л хийдэг байлаа. Өглөө 5, 6 цагийн үед ногооны талбай дээр очоод өдөржингөө ногоон дээр ажиллана. Өдөржин гадаа ажиллаад нүүр түлэгдээд борлочихсон хүн л байдаг байлаа.

-Анх кинонд тоглох болсон үеэсээ хуваалцахгүй юу?

-Миний хувьд 2020 онд энд их сургуулийн баклавртаа элссэн. Тухайн үед корона гарчихсан байсан учраас хичээлээ ихэнхдээ онлайнаар үздэг байлаа. Нийгмийн идэвхтэй амьдрах гэж хичээдэг урчаас өөрийгөө сорих зүйлст дуртай.

Тухайн үед корона гарчихсан учраас цагийн ажил хийхээс өөрөөр гадуур гардаггүй байлаа. Ингээд оюутны амьдрал маань жаахан уйтгартай өнгөрөөд байгаа юм шиг санагдаад мэргэжлээрээ ажиллаж үзэхийг хүссэн. Зурагтаар л үздэг Солонгос киноны ард ямар үйл явдал болж өнгөрдөг  талаар мэдэхийг хүсдэг байсан юм л даа. Тэгээд 2023 оны өвлийнхөө амралтаар Солонгосын ажил хайж өгдөг сайтуудаас ажил хайж байгаад “киноны зурагт авалтад туслах жүжигчин хайж байна” гэсэн зар олж шууд л холбогдож үзсэн. Очиж уулзаад энэ чиглэлээр сурдаг, монголоос ирсэн гээд хэлэхэд эхлээд нэрээ соль гэж хэлсэн. Нэрээ Солонгос нэрээр солихгүй бол Солонгос хүмүүсийн дунд ороход нэрээр чинь гадаад юм байна гэж мэдчихвэл ялгаварлах, мөн манай компани дээр ч асуудал гарч магадгүй гээд Солонгос нэр авсан. Улмаар тухайн газраас хэсэг хугацааны дараа туслах дүр, олны хэсгийн дүр байна гэж хэлсэн юм. Ингээд л кинонд тоглох боломж олдсон юм даа.

-"СОЛОНГОСЫН БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КИНОНД ДҮР БҮТЭЭСЭН"-

-Ямар кино байсан бэ?

-Миний хувьд анх тэр кинонд ямар жүжигчид тоглож байгаа талаар гэхээс илүүтэй зураг авалтын талбарт юу болж өнгөрдгийг мэдэх нь гол зорилго байсан учраас тухайн үед зураг авалтын талбарт очоод л ямар кинонд тоглох талаараа мэдсэн. Гэртээ ирээд нөгөө киноныхоо талаар хайж үзсэн чинь Солонгос улсдаа бүх цаг үеийн хамгийн их хөрөнгө оруулалттай драманы зураг авалтанд оччихсон байснаа мэдсэн. Тухайн үед таньдаг жүжигчид ч байсан. Танихгүй жүжигчид ч байсан. Анх Солонгосын А зэрэглэлийн жүжигчдийг хажуугаас харна гэхээр үнэхээр гоё санагдсан.

Багадаа телевизээр л үзэж байсан жүжигчдээ Солонгост ирээд хажуугаас харна гэхээр энэ мэргэжлээр сурдаг болоод ч тэр үү үгээр хэлэмгүй л сайхан санагдаж байсан даа.

-Зураг авалт хэзээ болсон бэ. Нийт хэдэн төгрөгөөр бүтсэн кино байсан юм бол?

-“Миний оролсон “Arthdal Chronilesl” гэх кино маань 2023 оны есдүэгээр сард хоёрдугаар улирлын зураг авалтаа хийж эхэлсэн байдаг. Улмаар арванхоёрдугаар сар хүртэл зураг авалтаа хийгээд дууссан. Тус кино маань нэг анги нь монгол мөнгөөр 7 тэрбум 200 сая гаруй төгрөгийн төсвөөр бүтсэн. Нийт 12 анги нь 130 гаруй тэрбум төгрөгөөр бүтсэн бөгөөд Солонгосын кино урлагт тухайн үедээ нийт хөрөнгө оруулалтын хэмжээгэрээ тэргүүлж байсан кино.

-Кинонд Солонгосын хэн гэдэг жүжигчид тоглосон бэ?

-Энэхүү кинонд Солонгосын А зэрэглэлийн дөрвөн жүжигчин гол дүрийг нь бүтээсэн. Эхний улирлаас ялгаатай нь гол дүрийн хоёр жүжигчин нь солигдсон байгаа. Хоёрдугаар улирал дээр тоглосон гол дүрийн жүжигчид нь Монголчууын сайн мэдэх Боловсон эрчүүд гээд кинон дээр гардаг Чан Дун Гон, И Жүн ГиШин Сэ Гён, Ким Уг Бин нар тоглосон.

-"И ЖҮН ГИ, ШИН СЭ ГЁН ЗЭРЭГ "А" ЗЭРЭГЛЭЛИЙН АЛДАРТАЙ ЖҮЖИГЧИДТЭЙ НЭГ КИНОНД ТОГЛОСОН"-

-Өөрийн тань хувьд ямар дүр бүтээсэн бэ?

-Миний хувьд тус кинонд олдсоноо л хийж байсан. Жишээлбэл олны хэсэгт цэргийн дүр, Шин Сэ Гён гээд жүжигчний арын туслахын дүр гэх мэт дүрүүдэд тоглосон.

-Солонгосын олны “А” зэрэглэлийн жүжигчидтэй хамт кинонд тоглох ямар байв?

-Солонгос орон бол хүндлэх ёсыг маш их чухалчилдаг орон. Олны танил байна гэдэг бол маш том хариуцлага байдаг. Тухайн үед тус кинонд тоглосон алдартай жүжигчид маань бусадтай маш гоё харьцаж байсан. Тэр жүжигчид шиг л болох гэж зорьж яваа хүний хувьд үнэхээр хичээх ёстой юм байна, надад ч гэсэн боломж байгаа юм байна гэсэн мэдрэмжүүдийг авсан.

-Хэцүү зүйл байв уу?

-Тус кинонд ажиллаж байхад өвлийн улирал таарсан. Зураг авалтын улирал нь дулааны улирлынх байж таарсан болохоор нимгэхэн хувцастай, шаахайтай зураг авалтанд оролцсон.

Гэхдээ өөрийнхөө мэргэжлээр ажиллаж, дэлхийн хэмжээнд яригддаг Солонгос кино зураг авалтын арын албаны үйл явдлыг хараад байж байх нь л үнэхээр гоё байсан. Тийм болохоор тэр бүгд огт хэцүү байгаагүй. Зүгээр л юм сурж л байвал хүйтэн байна уу, халуун байна уу нэг их онц биш байсан.

-"ТУЙЛЫН ЗОРИЛГО МААНЬ МОНГОЛ КИНОГОО ДЭЛХИЙД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ"-

-Өөртэй чинь ижил сонирхолтой, ижил зорилготой монгол залуус Солонгост хэр их байдаг бол?

-Солонгос Улсад кино салбарт зүтгэх гэж, ажил амьдралаа зориулах гэж яваа манай дээд үеийн цөөхөн хэдэн монгол ах эгч нар маань байдаг. Магадгүй над шиг энэ салбар луу орж эхлэх гэж байгаа ч юмуу залуучууд хаа нэгтээ сурч боловсрох гээд явж байгаа байх.

-Уг кино уран бүтээлд ажиллахад нууц биш бол хэр их цалин авсан бэ?

-Тус бүтээл дээр ажиллахад надад цалин хөлс нэг их чухал байгаагүй. Тодорхой хэмжээнд цалин авч байсан. Гэхдээ их биш. Цагийн ажилтай ойролцоо л байсан.

Миний хувьд тус бүтээлд ажиллахдаа туршлага хуримтлуулж, нүдээр харж, биеэр мэдэрсэн зүйлс маань мөнгөнөөс илүү үнэтэй байсан.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Цаашдаа энэ чиглэлээрээ кино урлагийн салбарт хүчин зүтгэж маш их туршлага хуримтлуулна гэж боддог. Түүнийхээ дараагаар эх орондоо, Монголынхоо кино салбарт эндээс сурсан мэдлэг боловсролоо хуваалцана. Туйлын зорилго маань мэдээж монгол киногоо дэлхийд сурталчлан таниулах юм. Над шиг зорилго өвөртлөөд ирсэн маш олон залуустай ажил хийнгээ танилцаж байсан. Тэд маань бүгд зорьсон зорилгынхоо төлөө хичээгээрэй. Би ч бас хичээнэ. Энэ орноос авсан бүх боловсрол, мэдлэгээ эх орон руугаа хэзээ нэгэн цагт оруулна. Тийм болохоор тэр хүртэл битгий шантраарай гэж хэлмээр байна. Би өөрөө ч шантрахгүй байхыг хичээнэ.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө