Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсны хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл прокуророос тус хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10-3 дахь хэсэгт зааснаар /тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр хийж, шүүгдэгч Ц.Отгонбатад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Ингэснээр талийгаач Ө.Батзул агсны амь насаа алдсан зам тээврийн ослын хэргийг шүүх дэнслэгдэхээр боллоо.
Хэргийн талаар эргэн сануулахад, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, Үндэсний бөхийн Улсын начин Ө.Батзул агсан нь өнгөрсөн оны долдугаар сарын 30-ны /2024.07.30/ өдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Талийгаач нь наймдугаар сарын 01 /2024.08.01/ өдөр болох байсан Эрдэнэт хот "Илгээлтийн эзэд" 50 жил, Хангайн бүсийн наадмын хүчит бөхийн барилдаанд оролцохоор нутгийнхаа зүг хүлгийн жолоо залж яваад зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан байдаг. "Тухайн үед тээврийн хэрэгсэл урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан" гэдгийг албаныхан мэдээлж байсан бөгөөд уг хэргийг Орхон аймгийн Тээврийн цагдаагийн газраас шалгаж байсан юм.
Ташрамд өгүүлэхэд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул агсан нь 2016 онд Орхон аймгийн баяр наадамд зургаа давж, Аймгийн харцага цол хүртэж, 2020, 2021 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж байсан юм. Мөн Ардын хувьсгалын түүхт 100, 101 жилийн ойн наадмын хүчит 1024 бөхийн барилдаанд 14 бөх тав давж, улсын начин цол хүртэж байсан билээ.
Түүнчлэн 2008 оноос бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд давхар чөлөөт бөхөөр хичээллэж Дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан нэгэн юм.
Улсын начин Ө.Батзулын оролцохоор явж байхдаа осолдсон Эрдэнэт хот "Илгээлтийн эзэд" 50 жил, Хангайн бүсийн наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн өсөх идэр начин О.Баярбаасан түрүүлсэн бөгөөд тэрбээр түрүү бөхийн бай шагналаа Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хандивлаж байв.