Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Манай сурвалжлах баг Турк Улсаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын талаарх мэдээллийг шууд дамжуулж байна.
Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз болон Туркийн радио, телевизийн корпорац хоорондын радио, телевизийн салбарын хамтын ажиллагааны тухай протокол”-д Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирал Ганхуягийн Гэрэл, Туркийн радио, телевизийн корпорацын захирал Мехмед Захид Собажи нар гарын үсэг зурсан. Энэ талаар бид МҮОНРТ-ийн Ерөнхй захирал Г.Гэрэлээс тодрууллаа.
ВИДЕО:
Тэрбээр, "Турк Улсын TRT радио телевиз, TK олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний олон нийтийн радио телевизийн архив тоон технологид шилжих нүсэр их ажил эхэлж байна гэж ойлгож болно. TRT олон нийтийн телевиз нь Үндэсний олон нийтийн радио телевизтэй 2017 оноос хойш хамтын ажиллагаатай байж ирсэн. Энэ хүрээнд бид контент солилцоо хийх, соёлын солилцоо, мэргэжил арга зүйн зөвлөгөө авах зэрэг хамтын ажиллагааны олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд "Ил хаадын нутгаар" гэх дөрвөн ангит баримтат киног Турк улсын нутаг дэвсгэрт хийхэд TRT телевизтэй хамтран ажилласан. Мөн Монголын мэдээ сувгийн гэрэлтүүлгийн системийг шинэчлэхэд TK телевиз олно гавьяа байгуулсан.
2025 онд хийж байгаа энэ гэрээнд нэгэн чухал зүйлийг үзэглэж өгсөн нь Олон нийтийн радио телевизийн 57 жилийн дүрсэн архив, мөн 90-ээд жил үйл ажиллагаа явуулж буй радиогийн дуун архивыг дижиталжуулж тоон системд хөрвүүлж, түүнийг ашигаладг болох боломж бүрдлээ. Үндэсний радио телевизийн дүрсний болон дуун архив гэдэг нь манай улсын хагас зуун жилийн түүх гэж хэлж болно. Тиймээс Үндэсний олон нийтийн телевизэд хадгалагдаж байгаа зүйлс дижитал болон тоон хэлбэрт шилжүүлж дахин ашиглах боломж бүрдлээ. Олон жилийн турш архивыг дижиталжуулах төсөл яригдсаар ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Турк улсад хийж буй айлчлалын хүрээнд энэ төсөлд гарын үсэг зурснаар санхүүгийн асуудал шийдэгдэж, арга зүйн туршлагын хүрээнд хамтран ажиллаж архиваа дижиталжуулах их ажил маань эхэлж байна" гэлээ.