А.Зэвэгээ: Халуун буулгах эмийг хэтрүүлж хэрэглэх нь элгийг гэмтээдэг

А.Зэвэгээ: Халуун буулгах эмийг хэтрүүлж хэрэглэх нь элгийг гэмтээдэг

ХӨСҮТ-ээс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. ЭНЭҮТ –ийн хүүхдийн эрчимт эмчилгээний эмч А.Зэвэгээ дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, Эцэг эхчүүд бие биенээсээ зөвлөгөө авч, хүүхдийг дур мэдэн эмчилж байна. Энэ бол маш буруу. Халуун бууруулах эмийг заавал эмчийн зөвлөснөөр хэрэглэх хэрэгтэй. Халуун буулгах эмийг хэтрүүлж хэрэглэх нь элгийг гэмтээдэг. Халууны эм уулгасны дараа 6 цагийн дотор халуун нь буурахгүй байвал механик аргаар буулгах гэж оролдох хэрэгтэй. Халуун буулгах эмийг нэг дор олон янзаар хэрэглэх нь хүүхдийн дотор эрхтэнийг гэмтээх аюултай. Тиймээс эмчид хандах шаардлагатай гэлээ.

Түүнчлэн хүүхдэд цээж хонхолзох шинж тэмдэг нь хэвлий түмбийхэд өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлдэг. Амьсгал олшрох, цээж хонхолзох шинж хоёр хавсарвал яаралтай эмчид хандаарай. Хүүхэд магадгүй уушгины хатгалтаатай байж болно.

Мөн 5-аас доош насны суурь эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ханиадаар өвчлөөд хүндрэх байдал илүү их ажиглагдаж байна. Тухайлбал, гурван настай хүүхдийн амьсгалыг тоолохын тулд хүүхэд уйлаагүй тайван байх ёстой. Амьсгалыг тоолохдоо хэвлий болон цээжний хэсгийг ил гаргаж байгаад амьсгалыг нэг минутын турш тоолно. 0-2 сартай хүүхдүүдийн амьсгалын тоо 60 буюу түүнээс дээш, 2 сараас 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1 насны хүүхдүүд 40 буюу түүнээс дээш амьсгалж байх юм бол амьсгал олширсон гэсэн үг.