БНСУ-д Монгол Улсын 55 мянга 834 иргэн оршин сууж байна. Үүнээс бүртгэлгүй, визийн зөрчилтэй 17 мянга 75 иргэн байгаа аж.
Өнгөрсөн 2024 онд БНСУ-д манай улсын 38 иргэн нас барсан ба үүнээс үйлдвэрийн болон автын ослоор 8, амиа хорлосон 6, бусад нь өвчний улмаас нас барсан бөгөөд 917 иргэн гэмт хэрэг, зөрчилд холбогджээ. Тус улсад Монгол Улсын 23 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд 18 иргэн урьдчилан хорих төвд шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд саатуулагдсан байна. 2023 онд БНСУ-д эмчилгээний шугамаар 22 мянга 80 иргэн (эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн бодит тоо буюу давхардсан тоог хассан) давхардсан тоогоор 71 мянга 281 иргэн үйлчилгээ авсан бөгөөд энэ нь нийт гадаадын 605 мянга 768 өвчтөний 3,6 хувь эзэлж байна.
2024 онд ЭСЯ-ны Консулын хэлтэс 9 төрлийн иргэний бүртгэлийн үйлчилгээг 8915 иргэнд үзүүлж, итгэмжлэл 10 мянга 543, хуулбар орчуулга 11 мянга 147, гарын үсэг баталгаажуулалт 512, нийт 22 мянга 202 нотариатын үйлдлийг гэрчлэн, Консулын хэлтсийн шуурхай утсанд хандсан 5200 гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгчээ.