Нийслэлээс жил бүр шахам автобус баазад шинэчлэл хийдэг ч иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх хандлага, сэтгэлгээ өөрчлөгдөхгүй байгаа юм. Тиймээс бид иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ гаргадаг нийтлэг алдаа, дутагдлын талаар автобус I баазын жолооч Б.Ууганнямтай ярилцлаа.
ВИДЕО:
Юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу. Өнөөдөр ямар чиглэлд явж байна вэ?
Намайг автобус I баазын жолооч Б.Ууганням гэдэг.Автобусны жолооч болоод энэ жил ес дэх жилдээ ажиллаж байна. Өнөөдөр болохоор би Хайлааст-МУБИС Ч:8 шугаманд явж байна. XML гээд 2022 онд орж ирсэн автобустай үйлчилгээнд явж байна.
-Нийтийн тээврээр зорчихдоо иргэдийн гаргадаг нийтлэг алдаа, дутагдал юу байна?
Бохь наах, хогоо хаях, тэр байтугай бүр нэг удаа миний автобусанд хүн баачихсан байсан. Төлбөр төлөхгүй, маш олон тийм асуудал гардаг. Үлдэгдэл хүрэлцэхгүй гэсэн картаа олон дахин дараад явчихдаг, хэлээ гаргаад зогсчихдог, уранхай тасархай мөнгө хийдэг нэг бол бүр уурлаад ордог гэх мэт зөндөө тохиолдол гарна.
Тэднийг бид хэлээд, шаардлага тавиад буулгах эрх байхгүй. Тэр болгонд бухимдаад, муу юм яривал зөндөө л юм байна. Аль болох амьдралаас сайхныг нь олж хараад, боломжоор нь хүмүүст шаардлагаа тавиад, хэлээд явдаг даа.
Одоо болтол иргэдийн хандлага, сэтгэлгээ өөрчлөгдөхгүй л байгаад байна.
-Автобусаа өдөр бүр цэвэрлэдэг үү?
Өглөө бид заавал цэвэрхэн автобустай үйлчилгээнд гардаг. Гараад нэгээс хоёр тойроход автобус заваан болчихдог. Нэг удаа хоёр гурван согтуу хүн суусан. Мэдээж төлбөрөө төлөхгүй. Эцсийн буудал дээр ирээд шаардаад буулгахад сандал дээр маань шээчихсэн байсан. Үнэр танар бол авах юм байхгүй. Иймэрхүү хүмүүс бол зөндөө байдаг.
Автобусанд баадаг чинь болохоор энэ автобусыг орж ирэхийн өмнө хуучин автобустайгаа байхад камер бага байсан үе ш дээ. Эцэс дээр ирээд л нэг хүн орж ирээд “Хүүеэ энд хүн баачихсан байна ш дээ” гээд л орилсон. Тэгээд л “Юу болж байгаа юм бол” гээд гүйгээд очиход “чацга алдчихсан” байсан. Тэгээд л тэрийг чинь өөрөө огиулан байж цэвэрлэсэн.
-Аль чиглэлийн шугаманд явж байгаагаас хамаарч хүмүүсийн нийтийн өмчид хандах хандлага өөр байдаг уу?
Хайлааст, Чингэлтэй, Тоосгоны үйлдвэр, Улиастай, Баянхошуу гээд чиглэлүүд байна. Хүн бүхнийг тийм гэж хэлэхгүй л дээ. Ажил хийдэггүй, голдуу архи уудаг тийм хүмүүс маш их байна. Илт мэдрэгддэг. Автобусны буудлууд дээр дулаан зогсоол хийгээд өгчихсөн байхад тэр дотор ахмад настан, хүүхдүүдийг дулаан байлгах зориулалттай ш дээ. Тэр дотор бөөн бөөнөөрөө унтаж байх жишээний. Зайсан ч юм уу, Хан Хилс гээд урагшаа чиглэлийн шугамуудад бүтэн өдөржин яваад орой буухад шалыг нь бараг угаах шаардлагагүй цэвэрхэн байдаг.
Одоо ингээд бохь наачихсан байх жишээтэй. Ийм бохь наалдах тохиолдол бол автобусанд хорь гучаараа гарна. Түүнийг нь цэвэрлэх гэдэг бол бараг өдөр бүрийн ажлын нэг хэсэг болчихсон.
Автобусанд маань хогоо хогийн саванд хийнэ үү гээд санамж байгаа юм. Яг хажууд нь хогийн сав байхад хүмүүс дандаа хогоо ил хаяна. Одоо бас цэвэрхэн байгаа нь энэ шүү. Жирэмсэн хүн суух зориулалттай ягаан сандал дээр бол түрүүлж орж ирсэн нь л сууна. Ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэддээ хүндээ аль болох сандал тавиад өгөөч ээ гэж шаардлага тавьдаг.
-Та "Нийтийн тээвэрт соёл түгээе" гэсэн агуулгатай бичлэг хийдэг юм билээ. Энэ санаа анх яаж төрсөн бэ?
Бичлэг хийх санаа бол автобусны жолооч нарт тохиолддог хөгжилтэй ч юм уу фактууд зөндөө байна. Зорчигчдынхоо карт дардаггүй, төлбөрөө төлдөггүй, олон муухай авиртай, буудал болгон дээр “Хаашаа явах уу” гэж асуудаг мөртлөө өөрөө мэддэг тийм хүмүүс байна. Тийм хүмүүс соёлжоосой, ажлаа хийхэд хүндрэл битгий учруулаасай гэж бодоод хөгжилтэй маягаар бичлэг хийгээд, хүмүүс тэрийг үзээд ойлгоосой гэж боддог.
Нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүс бүгдийг нь гэж бас хэлж болохгүй байна. Тодорхой хэмжээний хүмүүс их хариуцлагагүй, хэнэггүй зөнгөр байна. Дүрэм журмыг үл тоосон, хэнэггүй байдаг. Автобусны карттай болоод, төлбөрөө төлөөд, хүнд гай болохгүй, төвөг учруулахгүй, зорчигчид маань бүгд дор дороо ухамсартай соёлтой байцгаая гэж уриалмаар байна.