Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ЗДТГ, "Хутагтын говийн тэмээчин" хоршоо, Монголын тэмээн соёл, уяачдын холбооны Дорноговь аймгийн Сайхандулаан салбартай хамтран “Жавар үргээсэн өдөр” тэмээний баярыг энэ оны нэгдүгээр сарын 28-29-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тэмээн сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний соёл, өв уламжлалыг хойч үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой тэмээний баяраар атан тэмээний уралдаан, тэмээний жагсаал, тэмээн поло тэмцээн зохион байгуулж сайхан тэмээтэй хос, шилмэл буур, ингэ шалгаруулна. Мөн цагаан идээний үзэсгэлэн худалдаа, ингэний хоормог буцалгаа, малын ноос арьсаар хийсэн бүтээгдэхүүний худалдаа болох юм. Сайхандулаан сум нийт 6.4 мянган тэмээтэй бөгөөд тэмээн сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа эхний дөрөвт бичигддэг.
Энэ нутгийн нэгэн бахархал бол тэмээн сүрэг юм. 1956 онд тус суманд “Говийн хөгжил” нэртэй нэгдэл байгуулагдсанаас хойш тус сумаас улсын аварга малчин тэмээчин, С.Болд, Г.Түмэнжаргал, Н.Даваа, Ж.Ганбаатар, С.Банди, Д.Намжилмаа гээд арав гаруй аварга тэмээчин төржээ. 1985 онд тус сум түмэн тэмээ тоолуулж, буйлаа дээдлэн залж, нутагтаа тэмээний баяр тэмдэглэж байсан түүхтэй.
Эх сурвалж montsame.mn